Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал аймгийн хэмжээнд их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-10-02 17:32:56

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газарт өнгөрсөн 9-р сарын сүүлчийн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 15, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 59 бүртгэгджээ.

Амь насаараа хохирсон нэг, хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гурав, мал хулгайлах гэмт хэрэг хоёр, иргэдийн өмчийн хулгайн гэмт хэрэг дөрөв, хүчиндэх гэмт хэрэг нэг, бусад гэмт хэрэг хоёр бүртгэгдсэн байна.

Нийт 59 зөрчил гомдол мэдээлэл бүртгэгдсэний долоо нь гэр бүлийн хүчирхийлэл, зургаа нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил, 21 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, ес нь гудамж талбайд биеэ зүй бус авч явсан, долоо нь бусдын биед халдах зөрчил гэх мэт гомдол мэдээллүүд байжээ. Гэмт хэрэг, зөрчил гомдлын 63 нь Улаангом суманд бүртгэгдсэн байна.

Аймгийн Цагдаагийн газраас нийтдээ 2,1 сая төгрөгийн торгууль ногдуулж, шүүхээс 7-10 хоногийн хугацаатай 5 хүнийг баривчилж, 9 жолоочийн эрхийг хасжээ. Мөн архидан согтуурсан 30 хүнийг баривчлан саатуулсан байна. Архидан согтуурах, согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал аймгийн хэмжээнд их байгаа тул энэ 10-р сард аймгийн Цагдаагийн газраас архидан согтуурахын эсрэг хүч тавьж ажиллахаар болжээ. 

関連ニュース