"Ногоон Алтайдаа сайхан амьдарцгаая" мод тарих аян өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачлан санхүүжүүлж тав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Ногоон Алтайдаа сайхан амьдарцгаая” мод тарих аяны нээлтийн үйл ажиллагаа аравдугаар сарын 2-ны өдөр боллоо.
Энэ удаагийн нээлтийн үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг дарга В.Рэнцэндорж, Нутгийн зөвлөлийн тэргүүн “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар албаны бусад төлөөллүүд оролцсон юм. Мөн үеэр тус аймагт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд мод тарих үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцжээ.
Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийнхөн сүүлийн таван жилийн хугацаанд 35 мянган суулгацаар тус аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн бөгөөд энэ жилийн мод тарих аян хуваарийн дагуу 14 хоног үргэлжилж цаашид арчилгаа, тордлогод анхаарах гэнэ.