Сум, өрхийн ЭМТ-ийн үйл ажиллагааг сайжруулах иргэдийн зөвлөл байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төсөл хэрэгжиж байна.
Төслийн
хүрээнд иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагын
үйлчилгээний чанар ба хүртээмжийн өнөөгийн байдал нь үйлчлүүлэгчдийн эрэлт
хэрэгцээнд хэрхэн нийцэж буй, тулгамдсан асуудал, цаашид үйлчилгээг сайжруулах боломжийг илрүүлэх
зорилгоор Үенч сумын эрүүл мэндийн төв,
Мөст сумын Сум дундын эмнэлэг, Жаргалант сумын “Жаргалан” болон “Баатархайрхан”
өрхийн эрүүл мэндийн төвд “Нөхцөл байдлын үнэлгээ” хийжээ.
Тус
үнэлгээний нэгдсэн тайлан, үр дүнг танилцуулах зорилтын дагуу “Зохицуулах
зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан”-ыг өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион
байгуулав.
Хуралд
төслийн багийн гишүүдээс гадна аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн
дарга, холбогдох мэргэжилтэн, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын
төлөөлөл 10 гаруй хүн оролцож, цаашдын уялдаа холбоо, анхаарах асуудлын талаар
харилцан санал солилцлоо.
Энэ
үеэр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын анхан шатны тусламж үйлчилгээний
чанар хүртээмжийг сайжруулахад иргэдийн оролцоо маш чухал бөгөөд төрөөс
тодорхой бодлого зохицуулалт хийх, төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, зарим
шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтний харилцаа,
хандлага, ёс зүйг дээшлүүлэх зэрэг нэлээд асуудалд анхаарах нь зүйтэй гэсэн
саналыг албаныхан ярьж байлаа.
Үүнээс
гадна төслийн багийн гишүүд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн нөхцөл
байдлын үнэлгээний нэгдсэн тайлан, үр дүнд тулгуурлан анхан шатны тусламж
үйлчилгээний чанар болон хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгчийг зарим талаар санхүүгийн
дарамтаас сэргийлэх, нийгмийн эгэх хариуцлагыг хэрхэн сайжруулах
талаар хэд хэдэн санал дэвшүүлж байна.
Тодруулбал, сум, өрхийн ЭМТ-ийн үйл ажиллагааг сайжруулах иргэдийн зөвлөл байгуулах, үүндээ баг бүрээс ижил тооны хүнийг оруулах. Анхан шатны тусламж үйлчилгээнд иргэд хяналт тавих, идэвхтэй оролцох бололцоог бүрдүүлэх. Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн бичиг баримт, хууль журмын хэрэгжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй танилцуулж байх, эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг хөгжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх тусгай төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна. Энэ удаагийн хуралдаанд оролцогчид дээрх саналыг ажил болгон хэрэгжүүлэх боломжтой гэлээ.