АНУ-ын индексүүд дээд үзүүлэлтээ шинэчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /RIA Novosti/. Америкийн худалдааны гол индексүүд лхагва гарагийн арилжаа дуусах мөчид дээд үзүүлэлтүүдээ шинэчиллээ. Хөрөнгө оруулагчид АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээг өөдрөгөөр харж байгааг арилжааны мэдээлэл харуулжээ.
"Dow Jones Industrial Average" /DJIA/ 0.15 хувиар өсөж, 28164.00 пункт, өндөр технологийн NASDAQ компанийн индекс 0.66 хувиар өсөж, 8705.18 пункт, "S&P 500" индекс 0.42 хувиар өсөж, 3153.63 пункт болсон байна. Хөрөнгө оруулагчдад мөн АНУ, БНХАУ-ын хэлэлцээтэй холбоотой найдвар төрүүлсэн мэдэгдэл нөлөөлжээ. Бээжин, Вашингтон худалдааны гэрээний эхний хэсгийг батлахад тун ойртлоо гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгдсэн байна.
Зах зээлд итгэх итгэлтэй байдалд мөн АНУ-ын эдийн засгийн статистик мэдээлэл нөлөөлсөн байна. Тус улсын ДНБ гуравдугаар улиралд хоёрдугаар дүгнэлтээр 2.1 хувиар өссөн байна. Ажиглагчид эхний дүгнэлтээр ДНБ 1.9 хувийн түвшинд хэвээр хадгалагдана гэж таамаглаж байжээ.