Төв Ази-Хятадын дээд хэмжээний уулзалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-17 15:40:42

АСТАНА, 2025 оны зургаадугаар сарын 17 /Kazinform/. Төв Ази-Хятадын дээд хэмжээний хоёр дахь удаагийн уулзалт Казахстаны нийслэл Астана хотноо өнөөдөр эхэлсэн тухай гэж Казинформ агентлаг мэдээллээ. Уг уулзалтад Төв Азийн орнуудын төрийн тэргүүн нар болон Казахстанд айлчилж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар оролцоно.


Уулзалтад оролцогчид бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, тээвэр, дамжин өнгөрөх тээврийн интеграцчлалыг хөгжүүлэх, эрчим хүч, инновац, тогтвортой хөгжлийн асуудлуудад анхаарлаа хандуулах юм. 


Мөн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, үндэстэн дамнасан аюултай тэмцэх хамтын хүчин чармайлтыг зохицуулах, соёл, хүмүүнлэгийн солилцоог дэмжихэд онцгой анхаарах ажээ. Дээд хэмжээний уулзалтын дараа Астанагийн тунхаглал, Мөнхийн найрамдал, сайн хөрш, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна. Төв Ази-Хятадын дээд хэмжээний анхдугаар уулзалт 2023 оны тавдугаар сарын 19-нд БНХАУ-ын Сиань хотноо болж байв


Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд хандан үг хэлэх үеэрээ, Төв Азийн улс орнууд болон БНХАУ-ын цаашдын хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг тодорхойлж, хэд хэдэн санаачилга дэвшүүлжээ. К.Токаев БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг даваа гарагт Астанад хүрэлцэн ирэх үед Ерөнхийлөгчийн ордонд халуун дотноор угтан авчээ. Хоёр орны удирдагчдын даваа гаргийн орой Астанад хийсэн хэлэлцээний үр дүнд Засгийн газар хоорондын болон яам хоорондын 24 баримт бичигт гарын үсэг зурсан байна.


Мөн Казахстаны нийслэлд болж буй Хятад-Төв Азийн бизнесийн зөвлөлийн хоёрдугаар хуралдааны үеэр 17 тэрбум гаруй ам.долларын өртөг бүхий 35 гаруй санамж бичигт гарын үсэг зурна гэж Казинформ агентлаг Казахстаны Худалдааны танхимын тэргүүн Мурат Каримсаковын хэлснийг эш татан мэдээлжээ. Түүний хэлснээр, эдгээр хэлэлцээр нь ногоон эрчим хүч, дэд бүтцээс эхлээд ложистик, худалдаа, шинэ төвүүдийг хөгжүүлэх зэрэг чухал салбаруудыг хамарч байгаа ажээ. 

関連ニュース