Тахилга шүтлэгт газар нутгийг бүртгэн баримтжуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн ивээл дор “Уул ус тахих монгол ёс заншил, зан үйлийг сэргээн тэтгэх замаар тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх болон “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” Монгол түмний аян өрнүүлэх талаар 18 сумын 30 орчим Соёлын төвийн эрхлэгч, өв хариуцсан ажилтнуудад сургалт зохион явуулж, аяны нээлтийг зохион байгууллаа.
Сургалтын үр дүнд сумын соёлын
төвийн эрхлэгч нартай хамтран тахилга шүтлэгт газар нутгийг бүртгэн
баримтжуулахдаа сум бүр 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган тахилга
шүтлэгт газар нутгийг бүртгэн баримтжуулж, сайн судалгаатай болох талаар зөвшилцөлд
хүрчээ. Цаашид тахилга шүтлэгт газар нутгийг судлах, судалгаа бий болгох, бүртгэн
баримтжуулах, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг баяжуулах, ураг удам, нутаг
усаараа тахилга шүтлэгт газар нутгийг шүтэж байгаа зан үйлийг баримтжуулах,
олон нийтэд сурталчлах гэсэн ажлуудыг хийхээр болжээ.
“Уул ус тахих Монгол ёс заншил, зан үйлийг сэргээн тэтгэх замаар тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх нь” төсөл нь 2019-2021 оны хооронд хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд Монгол орон
даяар соёлын өвд бүртгүүлэх, устаж буй соёлын биет бус өвийг сэргээх зорилгоор тахилга
шүтлэгт газар нутгийг соёлын өвд бүртгүүлэх ажлыг эхлүүлээд байна. ЮНЕСКО-гоос
тахилга шүтлэгт газар нутгийг хосолсон өв гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, газар
нутгийг нь үл хөдлөх дурсгал гээд нөгөө талаас уг газар нутагт тахилга
шүтлэгийн зан үйл хийх нь соёлын биет бус өв гэж үзжээ.