Forbes: ОХУ ам.долларын хоёр тэрбумтантай болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /TASS/. ОХУ-ын “Veeam” IT-компанийг үүсгэн байгуулагч Ратмир Тимашев, Андрей Баронов нар компаниа Америкийн “Insight Partners” санд худалдсаныхаа дараа ам.долларын шинэ тэрбумтан боллоо гэж “Forbes” сэтгүүл мэдээлжээ.
Мэдээлэлд дурдсанаар, Тимашев, Баронов нар 2017 оноос хойш ОХУ-ын хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад байсаар ирсэн бөгөөд тэдний хөрөнгө тус бүрдээ 700 сая ам.доллароор үнэлэгдэж байжээ. Харин компаниа худалдсаны дараа “Forbes” сэтгүүл бизнес эрхлэгчдийн хөрөнгийг тус бүрд нь 1.2 тэрбум ам.доллараар үнэлсэн байна.
“Forbes”-ын мэдээлснээр, 5 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээг 2020 оны эхний улиралд байгуулж дуусна.
Гэрээний хүрээнд “Veeam” АНУ-д төвтэй тус улсын компани болно. Компанийн ерөнхийлөгчөөр өмнө нь гүйцэтгэх ерөнхийлөгч байсан Уильям Ларжентыг томилохоор болсон байна. Гэрээг байгуулж дууссаны дараа Баронов, Тимашев нар захирлуудын зөвлөлөөс хасагдах боловч шинэ удирдлагад үргэлжлүүлэн зөвлөгөө, заавар өгөх ажээ.