Хаврын цэрэг татлага ирэх сарын гуравнаас эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛЭнэ оны хаврын цэрэг татлага ирэх сарын 3-15-ны хүртэлх хугацаанд зохион байгуулахаар товлосон тухай Дархан-Уул аймгийн Цэргийн штабаас сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар ээлжит цэрэг татлагын товчоог байгуулж хуваарийг баталжээ. Аймгийн хэмжээнд 18-25 насны цэргийн насны залуучуудад зарлан дуудах хуудсыг хүргүүлж хуваарийн дагуу заагдсан хугацаанд цэрэг татлагад хамрагдахыг сануулав. Мөн тавдугаар сарын есэнд хоцорсон нийт цэргийн үүрэгтнүүдийг болон гэрээт цэргийн бүртгэл хуваарийн дагуу явагдах тухай аймгийн Цэргийн штабын дарга Ц.Энхтөр мэдээллээ. Тэрбээр:-“Энэ жилийн хувьд Засгийн газрын тогтоолтой холбогдуулж бүтээн байгуулалтын ажилд хамруулах зорилгоор хяналтын тоог нэмэгдүүлсэн байна. Цэрэг татлагад оролцоогүй бүртгүүлээгүй тохиолдолд “Захиргааны хариуцлагын тухай хууль”-ийн дагуу зөрчилд тооцож торгуулийн арга хэмжээ авна. Түүнчлэн их дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд болон хоёроос дээш хүүхэдтэй цэргийн насны залуучууд, эцэг эх нь хоёулаа эсвэл ганц бие, эцэг буюу эх нь хөдөлмөрийн чадваргүй, жараас дээш настай эцэг, 55-аас дээш настай эх, хөгжлийн бэрхшээлийн I, II зэрэгт орсон эцэг, эхийг хөдөлмөрийн чадваргүйд тооцно. Мөн тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр, эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй, хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй, эхнэр нь тахир дутуугийн I, II зэрэгт орсон ба хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй эсвэл 16-аас дээш настай боловч тахир дутуугийн I, II зэрэгт орсон төрсөн ах, эгч, дүүтэй бол цэргийн албанд татахаас түр чөлөөлөгддөг” гэлээ.
Б.Норовсамбуу