Баянхонгорын Галуут Улсын тэргүүний сум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 09:50:13

Засгийн газрын 2009 оны тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулж буй бөгөөд энэ жил улсын хэмжээнд 4 сум шалгарсны нэг нь Баянхонгор аймгийн Галуут сум.

Баянхонгор аймгийн Галуут сумын Тэргүүний сумын гэрчилгээ, тугийг дагалдах 100 сая төгрөгийн хамт өчигдөр Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг гардуулан өгчээ. Энэ ёслолын үйл ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтан Д.Баттогтох, Т,Энхтөр, аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан болон аймаг сумын удирдлагууд оролцсон байна. 

Хангайн бүсээс шалгарсан Баянхонгор аймгийн Галуут сум нь 1923 онд байгуулагдсан, шинэ Монголын ууган сумдын нэг бөгөөд хангай, тал хээр хосолсон үзэсгэлэнт байгалтай, 4000 шахам хүн амтай, 200 мянга гаруй малтай томоохон сум юм.

Тус сум сүүлийн жилүүдэд ажил үйлсээрээ аймагтаа тогтмол эхний байруудад шалгарч байгаа бөгөөд 2015 оны ажлаараа Баянхонгор аймагтаа тэргүүлж, эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан 103 ажлын хэрэгжилт өнөөгийн байдлаар 97.8 хувийн биелэлттэй байна. Ашиглагддаггүй байсан услалтын системийг сэргээн засварлаж, 60 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, сумын хүнсний ногооны хэрэглээний 65 хувийг хангаж байгаагийн дээр 24 иргэнийг ажлын байртай болгожээ. Жирэмсэн эхчүүдийг 100 хувь эмчийн хяналтад төрүүлсэн бөгөөд сүүлийн 2 жил эхийн эндэгдэл гараагүй зэрэг амжилтаараа Монгол Улсын тэргүүний сум болж байгаа аж.

Б.Мөнхзул

関連ニュース