Ж.Энхбаяр: Цар тахлын үед Засгийн газарт санхүүгийн онцгой эрх олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын хаврын чуулганаар нэн тэргүүнд хэлэлцэх асуудлуудын талаар санал солилцжээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Нэмэлт, өөрчлөлт энэ оны тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлж эхлэх юм. Үүнээс өмнө 40 гаруй хуулийг Үндсэн хуульд нийцлүүлэх ёстой шаардлагатай. Тухайлбал, УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай, Засгийн газрын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл. УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдах шинэ парламент, Засгийн газар Үндсэн хуульд нийцсэн хууль, эрхзүйн орчинд ажиллах ёстой. Тиймээс УИХ хаврын чуулганы хугацаанд шахуу ажиллах болно хэмээн тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.
Түүнчлэн бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар энэ сарын 17-нд өргөн мэдүүлсэн Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Дэлхий нийтийг цочроогоод буй коронавирусээс сэргийлэх үүднээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, шаардлагатай нөхцөлд иргэдийн эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлах асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн цар тахлын үед Засгийн газарт санхүүгийн болон зохион байгуулалтын онцгой эрхийг олгож, албан тушаалтнуудын үүрэг, хариуцлагыг тодорхой тусгажээ. Мөн УОК, иргэн, аж ахуйн нэгжиййн эрх, үүрэг, хариуцлагын зохицуулалтыг тусгасан байна. Дэлхий нийтэд халдвар авсан хүмүүс тусгаарлалтаас зугатах, санаатайгаар тараах зэрэг терорист үйлдэл гаргах болсон. Тиймээс дэглэм зөрчсөн, тусгаарлалтаас зугатсан хүмүүст эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага тооцох асуудлыг тусгасан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдээлэв. Уг хууль зөвхөн нэг удаа үйлчлэх бөгөөд ДЭМБ-аас коронавирусний дэгдэлт зогссоныг албан ёсоор зарлах үед хүчингүй болох аж.
Мөн бүлгийн хурлаар ноолуур, хаврын тариалалт, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих асуудлыг хэлэлцэж, ирэх долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар тодорхой шийдвэр гаргах нь зөв хэмээн үзжээ.