Алеппо хотын гал зогсоох тохиролцоог 3 хоногоор сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-07 16:31:58

ДАМАСК. /BBC/. Сирийн Алеппо хотын нөхцөл байдал дордохоос урьдчилан сэргийлэх зорилгоор тус хотод хэрэгжүүлж байгаа гал зогсоох тохиролцоог гурван хоногоор сунгасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Алеппо хотод хоёр долоо хоногийн турш мөргөлдөөн эрчимтэй өрнөж, 300 орчим энгийн иргэн амиа алдсаны дараа буюу өнгөрсөн лхагва гарагт Сирийн Засгийн газрын хүчин хоёр өдөр гал зогсоохоо мэдэгдсэн байна.

Алеппо хотод хэрэгжиж байгаа гал зогсоох тохиролцоо нь өнгөрсөн хоёрдугаар сард Сирид хэрэгжиж эхэлсэн гал зогсоох тохиролцооны нэг хэсэг юм.

Таван жилийн өмнө Сирид иргэний дайн дэгдэхээс өмнө Алеппо хот нь тус улсын аж үйлдвэрийн, санхүүгийн төв байсан юм. Гэвч тус хотод жил гаруй өрнөж байгаа мөргөлдөөн нь хотыг сүйтгэж байна.

Д.Нямтулга

関連ニュース