Премьер лигийн улирлын тэмцээн ирэх сард эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-05-29 09:57:31

ЛОНДОН. /BBC Sport/. Английн Премьер лигийн улирлын тоглолтууд ирэх зургадугаар сарын 17-ноос “Астон Вилла”-“Шеффилд Юнайтед”, “Манчестер Сити”-“Арсенал” клубүүдийн тоглолтоор эхлэхээр болжээ.


Премьер лигийн улирлын 92 тоглолт дутуу байгаа бөгөөд бүх тэмцээнийг танхимын үзэгчгүйгээр зохион байгуулж, “Sky Sports”, “BT Sport”, “BBC Sport” суваг бoлон “Amazon Prime” үйлчилгээгээр шууд дамжуулна.


Премьер лигийн тэмцээнүүдийг 1992 оноос зохион байгуулж эхэлснээс хойш “BBC Sport” суваг анх удаа дөрвөн тэмцээнийг шууд дамжуулах гэж буй нь энэ ажээ. Харин “Sky Sports” сувгийн хувьд 64 тэмцээнийг дамжуулах юм байна.


Засгийн газар аюулгүй байдлын удирдамжуудыг хараахан гаргаагүй байгаа бөгөөд коронавирусний цар тахалтай тэмцэж буй энэ үед Засгийн газрын шийдвэрүүдийг сайтар дагаж мөрдөх шаардлагатай юм.


Премьер лигийн улирлын тоглолтуудыг цар тахлын улмаас гуравдугаар сарын 13-нд зогсоосон бөгөөд гуравдугаар сарын 9-нд “Лестер Сити”-“Астон Вилла” клубийн тоглолт 4-0 онооны харьцаатайгаар дууссанаас хойш 100 хоногийн дараа дараагийн тоглолт болох гэж буй нь энэ юм.


Одоогийн байдлаар Премьер лигийн 2752 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс халдвар илэрчээ. Лигийн тоглогч, ажилтнуудыг долоо хоногт хоёр удаа шинжилгээнд хамруулах бөгөөд хэн нэгний шинжилгээний хариу “эерэг” буюу халдвартай тохиолдолд долоо хоног өөрийгөө тусгаарлах шаардах ажээ.


Европын бусад орны тухайд

Италийн Спортын сайд Винченцо Спадафора гуравдугаар сарын 9-нөөс зогсоосон "Сери А” лигийн тоглолтууд зургадугаар сарын 20-ноос эхэлнэ гэж пүрэв гарагт мэдэгджээ. Тус лигийн онооны хүснэгтийг “Ювентус” клуб тэргүүлж байна.


Испанийн Ерөнхий сайд Педро Санчез Ла Лиг зургадугаар сарын 8-наас эхэлнэ гэдгийг өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ. Одоогийн байдлаар “Барселона” клуб онооны хүснэгтийг тэргүүлж байгаа ажээ.


Германы Бундеслиг тавдугаар сарын 16-наас эхэлснээр Европын лигүүдээс хамгийн эхэнд тэмцээнээ үргэлжлүүлсэн юм. Бүх тэмцээнийг танхимын үзэгчидгүйгээр зохион байгуулж байгаа бөгөөд “Бавари Мюнхен” клуб тэргүүллээ хадгалж байна. 

関連ニュース