Л.Месси ДАШТ-д оролцох хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-10-28 17:27:18

МАЙАМИ, 2025 оны аравдугаар сарын 28 /AFP/. Лионел Месси ирэх оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглохыг хүсэж байгаа боловч энэ мөрөөдлөө биелүүлж чадах эсэхээ шийдэхээсээ өмнө өөрийн биеийн байдлыг харзнана хэмээн ярьжээ.


Хойд Америкийн хөл бөмбөгийн MLS лигийн “Интер Майами” клубийн 38 настай довтлогч тэрбээр Аргентины шигшээ баг 2022 оны ДАШТ-д түрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд ирэх онд тус баг Хойд Америкт аварга цолоо хамгаалахын төлөө тоглоно. 


“Алтан бөмбөг”-ийн найман удаагийн эзэн Л.Месси даваа гарагт “NBC News” телевизэд ярилцлага өгөх үеэрээ, АНУ, Мексик, Канадын хамтран зохион байгуулах ДАШТ-д тоглох эсэхээ шийдэхээсээ өмнө ирэх жил биеийн байдал ямархуу байгааг харна хэмээн хэлсэн байна.


“ДАШТ-д оролцох боломжтой байна гэдэг нь ер бусын зүйл бөгөөд би үүнд оролцохыг хүсэж байна. Хэрэв оролцохоор болбол сайн тоглож, үндэсний шигшээ багтаа тус нэмэр болох чухал тоглогч байхыг хүсэж байна” гэж ирэх оны зургаадугаар сард 39 нас хүрэх Л.Месси хэллээ.


“Би ирэх онд “Интер”-тэй улирлын өмнөх бэлтгэлээ эхлүүлэхдээ биеийн байдлаа өдөр бүр хянаж, шигшээ багийнхандаа хэрэг болж чадах эсэхээ, 100 хувь тоглож чадах эсэхээ тодорхойлсны дараа шийдвэрээ гаргана” гэж тэрбээр нэмж хэлэв. 


Ингэснээр 2004 оноос хойш мэргэжлийн түвшинд тоглож буй Л.Месси хөл бөмбөгийн спортын хамгийн том тэмцээнд дахин нэг оролцохыг хүсэж байгаагаа илэрхийллээ. “Энэ бол ДАШТ учраас би үнэхээр тэсэн ядан хүлээж байна. Бид өмнөх тэмцээнд түрүүлсэн амжилтаа хамгаалж чадвал гайхалтай байх болно, учир нь үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглох нь хөлбөмбөгчдийн мөрөөдөл байдаг” гэж тэрбээр ярьжээ.


17 настайдаа Ла Лигт “Барселона” клубийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийж байсан Л.Месси 2021 онд “Пари Сен-Жермен” багт, 2023 онд MLS лиг рүү шилжсэн билээ. Тэрбээр Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд нийт 195 тоглолтод оролцож, 114 гоол оруулжээ.

 


関連ニュース