Алеппо хотод гал зогсоох тохиролцоог дахин сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-10 10:26:20

ДАМАСК. /ВВС/. Өнгөрсөн пүрэв гарагаас Сирийн Алеппо хотод хэрэгжиж эхэлсэн гал зогсоох тохиролцоог лхагва гараг хүртэл дахин сунгасан тухай Сирийн телевиз мэдээлэв.

Гал зогсоох тохиролцоо Сирийн цагаар мягмар гарагийн 01 цагт дуусгавар болох ёстой байсан юм. Тохиролцоог өмнө нь нэг удаа сунгаад байсан билээ.

Алеппо хотод гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхлэхээс өмнө мөргөлдөөн даамжирснаас 300 орчим хүн амиа алдсан байна.

Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний хооронд болж буй мөргөлдөөнийг зогсоох зорилгоор хоёрдугаар сард Сири даяар хэрэгжиж эхэлсэн гал зогсоох тохиролцоог бататган хэрэгжүүлэхэд Алеппо хотод тогтоосон гал зогсоох тохиролцоо чухал үүрэгтэй гэж АНУ, ОХУ  хоёр үзэж байгаа юм.

Хэсэгчлэн гал зогсоох уг тохиролцоо нь “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой “Нусра Фронт”, “Лалын улс” бүлэглэлүүдэд хамаарахгүй ажээ.

Д.Нямтулга

 

関連ニュース