Иран улс удахгүй хоёрдахь хиймэл дагуулаа хөөргөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕГЕРАН. /Tasnim/. Иранчууд өөрсдийн зохион бүтээсэн “Mesbah” гэдэг хиймэл дагуулаа удахгүй дэлхийн тойрог зам руу илгээнэ. Мөн уг хиймэл дагуулын шинэ хувилбарыг хийж байгаа гэж тус улсын Сансрын байгууллагын тэргүүн Мохсен Бахрами өчигдөр мэдэгджээ.
Ираны Тегераны хотоос баруун зүгт орших Караж хотод цугласан тус улсын Сансрын байгууллагын өндөр албан тушаалтнуудын тусгай уулзалтын үеэр тэрбээр хэлэхдээ "дотооддоо бүтээсэн “Mesbah” хиймэл дагуулыг тойрог замд гаргахад бэлэн болсон, харин “Mesbah-2” /дэнлүү/ болон “Nahid” хиймэл дагуулуудыг зохион бүтээж байна" гэж мэдэгджээ.
Мөн Ираны хиймэл дагуул болон хиймэл дагуул тээгч пуужингийн салбарт гарсан ахиц дэвшлийн тухайд тэрбээр ярихдаа “Amir Kabir”, “Zafar” /ялалт/ болон “Doosti” /нөхөрлөл/ хэмээх гурван хиймэл дагуулыг зохион бүтээн үйлдвэрлэж байгаа бөгөөд удахгүй сансарт хөөргөнө" гэсэн байна.
Иран улс өгөгдөл боловсруулдаг “Omid”/Итгэл найдвар/ гэдэг хиймэл дагуулаа 2009 оны хоёрдугаар сарын 2-нд сансарт хөөргөж байжээ.
Д.Нямтулга