БНАСАУ "70 өдрийн тулаан" кампанит ажлаа дүгнэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПЁНЬЯН. /МонЦаМэ/ Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ 7 дугаар их хурлыг угтан БНАСАУ-д “70 өдрийн тулаан” хэмээх кампанит ажил өрнөж амжилттай дууслаа. Тус улсын “Родон” сонины мэдээлснээр, “70 өдрийн тулаан”-ы төлөвлөгөө 144 хувиар даван биелж, батлан хамгаалах, эдийн засаг, нийгмийн салбарт өндөр амжилт гаргасан байна.
Нийт аж үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 1.6 дахин нэмэгдэв. Цөмийн цэнэгт хошууг амжилттай багасгаж чадлаа. Шинэ баллистик пуужингийн туршилт амжилттай болсон. Мөн эрчим хүчний салбарын төлөвлөгөө 110 хувь, нүүрс олборлолтын хэмжээ сүүлийн жилүүдэд байгаагүй хэмжээгээр нэмэгдэж 110 хувь, төмөрлөг, төмөр цутгамал 129 хувь, барилгын арматур төмрийн үйлдвэрлэл 111 хувь, төмөр замын ачаа тээвэр, вагон, зүтгүүр засвар, үйлдвэрлэлийн төлөвлөгөө 120 хувиар тус тус давж биеллээ.
Дотооддоо шинэ метроны вагон үйлдвэрлэснээс гадна 20 шинэ төрөл загварын трактор, машин техник үйлдвэрлэсэн амжилт гарав. Цахилгаан дамжуулах шинэ технологи нэвтрүүлж, дотоодод тоон системийн зурагт үйлдвэрлэж эхэллээ. Цементийн үйлдвэрлэл 141 хувь, барилгын модны үйлдвэрлэл 137 хувь, нэхмэл, сүлжмэл, гутлын үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.6 дахин өсч, торго, бөс даавууны үйлдвэрлэлийн төлөвлөгөө 150 хувиар давж биелсэн байна. Тулааны явцад ард түмний дунд мод тарих хөдөлгөөнийг стратеги зорилт болгон хэрэгжүүлснээр ажилчид болон хүүхэд залуусын хүчээр хэдэн зуун мянган мод суулгав.
Хөнгөн аж үйлдвэрийн төлөвлөгөө 154 хувиар биеллээ. Бүх орон даяар барилга бүтээн байгуулалтын ажил өрнөж, 10 жилийн хугацаа шаардагдах бүтээн байгуулалтын ажлыг 1 жилд гүйцэтгэх арга туршлагыг эзэмшиж чадлаа хэмээн “Родон” сонин мэдээлж байна. Тухайлбал “Пэкдүсан-3”, Вөнсаны усан цахилгаан станцыг залуучуудын хүчээр барьж дуусгав. “Рёмён” хорооллын барилгын ажил эхэллээ. Амьтны төв хүрээлэнгийн өргөтгөлийн ажил дууссан. Түүнчлэн нийслэл, орон нутагт олон шинэ сургууль, цэцэрлэг үүдээ нээлээ. Тулааны хугацаанд дотоодын эдийн засаг, ард түмний амьдралыг дээшлүүлэх ажлын амжилт өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 дахин нэмэгдсэн байна.
А.Цацралт