Гал зогсоох саналыг ХАМАС хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-08-19 10:32:10

ГАЗА, 2025 оны наймдугаар сарын 19 /AFP/. Газын зурваст гал зогсоох тухай шинэ саналыг ХАМАС бүлэглэл хүлээн авлаа гэж тус бүлэглэлийн дээд албан тушаалтан даваа гарагт мэдэгджээ. Өдгөө 22 сар гаруйн турш үргэлжилж буй дайныг зогсоохын тулд дахин дипломат хүчин чармайлт гаргаж буй үед энэхүү мэдэгдлийг хийж байна.


АНУ-ын дэмжлэгтэй зуучлагчид болох Египет, Катар улсууд Газын зурваст хүмүүнлэгийн аймшигт хямралыг өдөөсөн зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулахын тулд ихээхэн хүчин чармайлт тавьж байгаа юм. Тэгвэл зуучлагчдаас шинэ саналыг хүлээн авсныхаа дараа ХАМАС бүлэглэлийнхэн яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.


“Манай тал зуучлагчдын шинэ саналыг хүлээн зөвшөөрч хариугаа хүргүүлсэн. Дайны галыг унтрааж өгөхийг хүсэн Бурханд залбирч байна гэж ХАМАС-ын дээд албан тушаалтан Бассем Наим Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Өмнө нь ХАМАС-ын нэгэн эх сурвалж Франс Пресс агентлагт мэдээлэхдээ, бүлэглэл “ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт гаргахгүйгээр саналыг хүлээн авсан гэж байв.


Шинэ саналыг Израилын талд илгээсэн гэж Египет, Катарын төлөөлөгчид мэдэгдээд, бөмбөг одоо тэдний талбайд байна хэмээн нэмж хэлжээ. Израил одоогоор хариу өгөөгүй байна. Хэлэлцээний талаар сайн мэдэх Палестины эх сурвалж хэлэхдээ, зуучлагчдыг зөвшилцөлд хүрч, яриа хэлэлцээг дахин эхлүүлэх огноог зарлахыг хүлээж байна гээд, хэрэгжилтийг баталгаажуулж, бодитой шийдэлд хүрэх баталгааг санал болгосныг дурджээ.


Египетийн төрийн мэдлийн Al-Qahera сувгийн мэдээлснээр, эхний ээлжинд 60 хоногийн хугацаанд түр эвлэрэх, барьцааны хүмүүсийг хэсэгчлэн суллах, зарим палестин хоригдлыг суллах, хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрөхийг санал болгосон байна.


Израилын Онц байдлын засгийн газар Газа хот болон ойр орчмын дүрвэгсдийн хуаранг эзлэх төлөвлөгөөг баталснаас хойш долоо хоног гаруйн дараа энэхүү саналыг тавьжээ. Израилын эрх баригчдын шийдвэр олон улсад төдийгүй улс орны дотоодод хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

 


関連ニュース