Токиогийн Олимпын тамирчдад зориулан зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сулруулах талаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-07-08 13:10:53

ТОКИО. /Kyodo/. Японд ирэх онд болох Токиогийн Олимп, Паралимпын наадмын үеэр коронавирусний цар тахлыг бүрэн хяналтад аваагүй байвал хилийн чанадаас ирэх тамирчдад зориулан зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сулруулах талаар хэлэлцэнэ гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мягмар гарагт мэдээлжээ.


Токиогийн Олимпыг энэ зун зохион байгуулахаар товлоод байсан боловч цар тахал дэгдсэнтэй холбогдуулан наадмыг хойшлуулах шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард гаргасан юм. Энэхүү Олимпод 200 гаруй улс орон, нутаг дэвсгэрийн 11 мянга орчим тамирчин оролцох төлөвтэй байсан бөгөөд наадмыг зохион байгуулагчид тэмцээнүүдийн хамрах хүрээг бууруулах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн байна.


Япон өнгөрсөн хоёрдугаар сараас хойш “COVID-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс хилийн хяналттай холбоотой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, гадаадын иргэдийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудыг чангатгасан юм. Хилээр нэвтрэхийг хориглосон орнуудад Алжир, Куба, Ирак зэрэг 18 орныг өнгөрсөн долоо хоногт нэмснээр уг жагсаалтад орсон улс орон, нутаг дэвсгэрийн тоо 129 болжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, тамирчид, төлөөлөгчдөөс халдвар аваагүй гэдгээ батлахыг шаардах бөгөөд Японд ирэхийн өмнө болон дараа зэрэг хэд хэдэн удаа шинжилгээ өгөх шаардлагатай болох төлөвтэй байгаа ажээ. Олимпын наадмыг ирэх оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд, Паралимпын наадмыг наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5 хүртэл явуулахаар товлоод байгаа юм. 

関連ニュース