Цагаан ордонд UFC-гийн тэмцээнийг зохион байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 13 /Politico/. Цагаан ордонд 2026 оны долоодугаар сарын 4-нд холимог тулааны тэмцээн болно гэж UFC холбооны гүйцэтгэх захирал Дана Уайт мягмар гарагт CBS News телевизэд мэдээлжээ.
АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойг тохиолдуулан
улс орон даяар зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн эхлэл болгон Цагаан ордны талбайд UFC-гийн тулаан хийх боломжтой гэдгийг Ерөнхийлөгч
Дональд Трамп өнгөрсөн сард цухас дурдаж
байсан билээ.
Харин Д.Уайт даваа гаргийн орой Д.Трамптай уг төлөвлөгөөний талаар ярилцсан бөгөөд энэ сарын сүүлчээр түүнтэй биечлэн уулзах гэж байгаа ажээ. Д.Трамп тулааны талаар Д.Уайттай холбоо барьж, өөрийн охин
Иванка Трампад тодорхой үүрэг өгсөн байна.
“Энэ тулаан болох нь ойлгомжтой. Долоодугаар сарын 4-ний өдөр АНУ байгуулагдсаны 250 жилийн ойгоор Цагаан ордноос CBS телевиз шууд дамжуулж байна гээд төсөөлөөд үз дээ” гэж Д.Уайт “CBS Mornings” нэвтрүүлэгт мягмар гарагт ярилцлага өгөхдөө хэлжээ. Мөн Цагаан ордон дахь эх сурвалжийн ярьснаар, ирэх оны долдугаар сарын 4-нд тулааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бололтой. UFC ба CBS телевиз, Paramount+ стриминг үйлчилгээний хооронд олон тэрбум ам.долларын гэрээ байгуулсны дараа энэхүү төлөвлөгөөний талаарх мэдээ цацагджээ.
Д.Уайт, Д.Трамп нар удаан хугацааны турш ойр дотно харилцаатай байсаар иржээ. Д.Трамп бол тулааны лигийг эртнээс дэмжиж ирсэн бөгөөд 2001 онд өөрийн “Атлантик Сити” казинод UFC-гийн тулааныг зохион байгуулж байв. Харин Д.Уайт бол Ерөнхийлөгчийн улс төрийн байр суурийг тууштай дэмждэг хүн юм. Тэрбээр 2024 онд болсон Бүгд найрамдах намын үндэсний их хурал дээр Д.Трампыг танилцуулж, 10 дугаар сард “Madison Square Garden”-д болсон цуглаанд оролцон үг хэлж байв.