Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ой тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 1945 оны Чөлөөлөх дайнд ялсны, Зөвлөлт-Монголын арми Японы милитирзмыг буулган авснаар дэлхийн II дайн дууссаны 75 жилийн ой өнөөдөр тохиож байна.
80 сая хүний халуун амийг авч одон хүн төрөлхтний түүхэнд хамгийн харгис, цуст дайнаар бичигдсэн дэлхийн II дайны төгсгөл 1945 оны 9 дүгээр сарын 2-нд Японы зэвсэгт хүчний командлал бууж өгөх актанд гарын үсэг зурснаар эцэс болсон түүхтэй.
Манай улсын түүхэнд Чөлөөлөх дайн гэж нэрлэдэг энэ дайнд Монгол Ардын хувьсгалт цэрэг, ЗХУ-ын арми хамтран ялгуулсан ялалт байгуулж 6 жил нэг өдөр үргэлжилсэн дайныг цэглэж, Монголын цэрэг дайчин эрс дэлхийд энх тайвныг бүтээлцсэн түүхтэй.
Энэ өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Аугаа их эх орны дайны ялалтын баярыг шилжүүлэн тэмдэглэх зарлиг буулгаад байна. Кремлийн албан ёсны цахим хуудаст тавигдсан дээрх зарлигийг дагалдан гарсан тайлбарт, "ЗХУ Японыг ялсан нь дэлхийн II дайныг дуусгасан шийдвэрлэх ялалт байсан" гэдгийг тэмдэглэжээ.
ОХУ нь ялалтын баярын өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 9-нд тэмдэглэж, харин 9 дүгээр сарын 2-ны өдрийг дэлхийн II дайн дууссан өдөрт тооцдог. ЗХУ-ын үед гарсан Ялалтын тугуудын нэг дээр "Тавдугаар сарын 9. Германыг бут ниргэв. Аугаа их Эх орны дайн дуусав" гэсэн байдаг бол ялалтын нөгөө нэг туган дээр "Есдүгээр сарын 3. Япон бут цохигдов. Дэлхийн II дайн дуусав" гэсэн бичигтэй байдаг аж. Чухам энэ 9 дүгээр сарын 3 гэсэн өдрийг ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар энэ оны 9 дүгээр сарын 2-нд буюу өнөөдөр шилжүүлэн тэмдэглэн өнгөрүүлэхээр зарлигдаад байна.
Гэрэл зургийг Б.Чадраабал