Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын 31-ний өдөр Увс аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Тодруулбал, Улаангом сумын харьяат эрэгтэй энэ сарын 31-ний өглөө аймгийн
Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт өндөр халуунтайгаар хэвтэн эмчлүүлсэн юм.
Энэ дагуу тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ хэмээн аймгийн Нэгдсэн
эмнэлэгт тусгаарлаж, Улаангом сумын 10-р багийн нутаг Довонгийн ферм чиглэлийн
замд тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан юм. Зоонозын
өвчин судлалын үндэсний төвд гурав хоногийн өмнө илгээгээд байсан тус өвчтөний
шинжилгээ сөрөг буюу тарваган тахлаар халдварлаагүй гэсэн хариу өнгөрсөн шөнө гарчээ.
Энэ дагуу өнөөдрийн 8 цагаас эхлэн аймгийн Засаг даргын
захирамжаар хорио цээрийн дэглэмийг цуцалж, замын хөдөлгөөнийг нээгээд байна.
Өвчтөний биеийн байдал сайжирсан бөгөөд одоогоор
Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна.