БНАСАУ-ын сураггүй болсон дипломатч "БНСУ-д амьдарч байна"
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /BBC/.
Италид сураггүй болсон БНАСАУ-ын дипломатч
эх орноосоо дүрвэж, БНСУ-д амьдарч байна гэж тус улсын нэгэн хууль тогтоогч мэдээлжээ.
БНАСАУ-аас Италид
суугаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байсан Жо Сун Гил 2018 онд сураггүй болсон
юм. БНСУ-ын парламентын тагнуулын хорооны даргын мэдээлснээр, тэрбээр 2019 оны
долоодугаар сараас хойш БНСУ-д байгаа ажээ.
Хэрэв уг мэдээлэл
үнэн зөв болох нь батлагдвал Жо Сун Гил нь 1997 оноос хойш эх орноосоо дүрвэсэн
хамгийн өндөр албан тушаалтан болно. Гэсэн хэдий ч БНАСАУ руу нутаг буцсан
гэгдэж буй өсвөр насны охинд нь санаа зовниж байгаа аж.
Италийн Гадаад
хэргийн яамны мэдээлснээр, эцэг эх нь сураггүй болсны дараа охиныг өөрийнх нь
хүсэлтээр 2019 оны хоёрдугаар сард БНАСАУ руу нутаг буцаасан байна.
Жо Сун Гил хэрхэн
дүрвэсэн бэ?
2018 оны 11 дүгээр
сард Жо Сун Гил эхнэрийн хамт Элчин сайдын яамны байрыг сураг чимээгүй орхин явжээ.
Тэрбээр Италид үүрэг гүйцэтгэх хугацаагаа дуусахын өмнөхөн ийнхүү алга болсон байна.
Тухайн үед олон
нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, БНАСАУ-ын өндөр албан
тушаалтнуудын хүү, хүргэн болох дипломатч Өрнөдийн Засгийн газруудаас орогнол
хүсэж байжээ.
“Жо Сун Гил
эхнэрийн хамтаар БНСУ-д хамгаалалтад амьдарч байна” гэж БНСУ-ын сөрөг хүчний хууль
тогтоогч мягмар гарагт мэдээлжээ. Үндэсний ассемблейн тагнуулын хорооны дарга
Жён Хэ Чол пүрэв гарагт уг мэдээллийг нотолсон байна.
“Элчин сайдын
үүрэг гүйцэтгэж байсан Жо БНСУ-д 2019 оны долоодугаар сард сайн дураараа ирсэн.
Тэрбээр БНСУ-д ирэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн” гэж Жён Хэ Чол
мэдээлжээ.
Харин БНСУ-ын Тагнуулын
агентлагууд энэ талаар хараахан мэдээлэл өгөөгүй байна.
Түүний охины тухайд
Охиныг өсвөр насных гэхээс өөр мэдээлэл дутмаг байна.
Жён Хэ Чолын
мэдээлснээр, Жо Сун Гил хаана байгаагаа нууцлахыг хүсжээ. “Тэрбээр
БНАСАУ-д байгаа ар гэрийнхэндээ санаа зовниж байсан” гэж “Yonhap” агентлаг Жён Хэ Чолын мэдээлснийг иш
татан уламжилжээ.
БНАСАУ-аас Их Британид суугаа элчин сайдын орлогч асан, 2016 онд БНСУ руу дүрвэсэн, одоо БНСУ-ын хууль тогтоогч болсон Тэ Ён Хогийн хэлснээр, дүрвэгчийн хамаатнууд шийтгэл хүлээж болзошгүй бөгөөд дүрвэгч хаана байгаагаас хамааран БНАСАУ-д үлдсэн хамаатнуудад нь шийтгэл ногдуулдаг байна.
“Хэрэв дүрвэгч
БНСУ-аас орогнол авсан бол түүнийг урвагч хэмээн үздэг. Урвагчийн ар гэрийнхэнд
ямар шийтгэл ногдуулдгийг хэн ч мэдэхгүй” гэж Тэ Ён Хо мэдээлжээ.
Сөрөг хүчний өөр
нэгэн хууль тогтоогч Чо Тэ Ёны хувьд Жо Сун Гилын талаарх мэдээллийг нууцалж
байна хэмээн Засгийн газрыг буруутгаад, уг үйлдлийг охинтой холбоотой хүмүүнлэгийн
асуудлыг анхаарч үзээгүй явдал хэмээн тодорхойлсон байна.
Гэсэн хэдий ч
Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва ноён Жо Сун Гилийн хаана байгаа талаарх
мэдээллийг сонсоод “гайхсан” хэмээн мэдэгдээд, түүний охинд санаа зовниж буйгаа
илэрхийлжээ.