Францад амиа алдсан багшийн дурсгалыг хүндэтгэн олон мянган хүн жагсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН.
/BBC/.
Амиа алдсан дунд сургуулийн багш Самюэль Патигийн дурсгалд зориулж Францад
ням гарагт олон мянган хүн жагсаал цуглаан хийжээ. Зөнч Мухаммедийн шог зургийг
сурагчиддаа үзүүлсэнтэй нь холбоотойгоор Чечень үндэстэн Абдулак гэгч этгээд Патигийн амийг хөнөөсөн юм.
“Би багш” гэсэн уриа лоозон барьсан хүмүүс Плас-де-ла-Републик талбайд цугларчээ. Жагсаал цуглаанд Францын Ерөнхий сайд Кастесксаас гадна хотын дарга Энн Идальго оролцжээ. Өмнө нь энэ талбайд 2015 онд хагас сая хүн жагсаал цуглаан хийж байсан нь “Charlie Hebdo” шог сэтгүүлийн редакцийн газарт террорист халдлага болж байсантай холбоотой юм.
Жагсаал цуглаан зөвхөн нийслэл хотод төдийгүй Лиль, Лион,
Марсель, Бордо, Тулуз зэрэг хотод болжээ. Лхагва гарагт дахин иргэд дахин
жагсаал цуглаан хийх аж.
“Иргэншил гэм зэмгүй хүмүүсийн аминд хүрдэггүй, харанхуй бүдүүлэг байдал л хүний аминд хүрдэг” гэж Бордо дахь сүмийн имам Тарек Убру мэдэгдсэн байна.
Баасан гарагт юу болсон бэ?
Парис хотын захад баасан гаргийн орой дунд сургуулийн
багш Самюэль
Патигийн толгойг тасдсан хэрэг
гарчээ. Прокурорын газрын мэдээлж буйгаар, түүн рүү 18 настай, Чечень үндэстэн Абдулак
А гэгч этгээд халджээ. Тэрбээр Москва хотод төрсөн бөгөөд Францад дүрвэж ирсэн
байна.
Хутгаар зэвсэглэсэн гэмт этгээд Парис хотын төвөөс 25 км
зайд байдаг Конфлан-Сент-Онорин хотын дунд сургуулийн ойролцоо Пати руу халджээ.
Цагдаа нар түүний араас хөөсөөр хөрш Эраньи хотод барьж авсан бөгөөд гэмт этгээдийг бууж өгөхийг шаардсан байна. Хариуд нь тэрбээр зэвсгээр заналхийлэхсэн бөгөөд энэ үед цагдаа нар түүн рүү гал нээжээ.
Цагдаа нар үүнийг террорист халдлага гэж үзэж байгаа бөгөөд мөрдөн шалгалтын хүрээнд 11 хүнийг саатуулаад байгаа аж. Абдулакийн ойрын дөрвөн хүнийг баривчилсан тухай өмнө нь мэдэгдсэн бол хожим Патигийн сурагчдын нэгнийх нь эцгийг болон хэт давруу үзэлт исламын шашны номлогч зэрэг өөр 6 хүнийг баривчилсан байна.
Кадыров
энэ талаар юу гэж ярив?
ОХУ-ын
Бүгд Найрамдах Чечень Улсын тэргүүн Рамзан Кадыров болсон явдлыг зэмлэн
буруушааж, амиа алдсан иргэний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Үүний сацуу тэрбээр сүслэн бишрэгчдийг өдөөн хатгахгүй байх, шашны ойлголт мэдрэмжийг нь
хөндөхгүй байхыг уриалжээ.
“Бүх
асуудлыг чеченьчүүд рүү тохох гэж оролдож буй нь Францад анхны тохиолдол биш юм.
Сэжигтэн насаараа Францад амьдарч, хүүхэд ахуй үеэсээ эцэг эхтэйгээй тэнд
шилжин суурьшиж, францчуудтай хамт өсөж, франц хэлээр ярьж, бичиж, харьцдаг
байсан бөгөөд сүсэгтний үгийг францчууд чухалчилж сонсохгүй байгааг нь мэдэрч,
үйлдлээрээ учрыг нь ойлгуулахыг хүссэн байж магадгүй юм” хэмээн тэрбээр
тэмдэглэсэн байна.