2020 он гарснаас хойш 32 сэтгүүлч амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-11-02 16:20:54

ПАРИС. /AFP/. 2020 он гарснаас хойш дэлхий даяар хэвлэл мэдээллийн хэрэгслийн 32 ажилтан амиа алдсан тухай “Хил хязгааргүй сэтгүүлчид” /RSF/ байгууллагын тайлан мэдээнд дурджээ. Тус байгууллага жил бүрийн 11 дүгээр сарын 2-нд тэмдэглэдэг Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан тайлангаа нийтэлсэн байна.


Энэ онд дээрх үзүүлэлт өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад буурсныг RSF онцолжээ. Энэ нь шинэ коронавирусний цар тахлын улмаас сэтгүүлчдийг халуун цэг рүү илгээхгүй байгаатай зарим талаар холбоотой гэж тайланд тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ RSF "Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хариуцсан тусгай комиссар" -ын албан тушаал бий болгохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешээс дахин хүсжээ.


Түүнчлэн тайланд тэмдэглэж буйгаар, амиа алдсан сэтгүүлчдийн тоо буурсан хэдий ч "2020 онд сэтгүүлчдэд үзүүлэх дарамт шахалт, янз бүрийн халдлага улам нэмэгджээ". "Сэтгүүлчдийн эсрэг сүрдүүлэг заналхийлэл улам бүр далд болж байгаа тул тэднийг эсэргүүцэх нь улам хэцүү болж байна" гэж баримт бичигт дурдсан байна.


Тус байгууллага "сүүлийн арван жилийн хугацаанд 1000 орчим сэтгүүлч мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан" болохыг сануулав. “Үүний олон тохиолдолд бодит мөрдөн байцаалт хийгдээгүй бөгөөд гэмт этгээдүүд үйлдсэн хэргийнхээ төлөө ял шийтгэл хүлээгээгүй" гэж RSF цохон тэмдэглэжээ.  



関連ニュース