Хилийн бүсийн зургаан суманд хүнс, эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-11-03 12:51:49

Увс /МОНЦАМЭ/. БНСУ-ын "WITH" ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Монгол Улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх тусламжийн төсөл”-ийн хүрээнд Увс аймгийн хилийн бүсийн зургаан сум болон Улаангом сумын 2100 өрхөд хүнс, эмнэлгийн хэрэгслийн тусламж олгож байна.

Тусламжийн хөрөнгийг "WITH" ТББ-ын Монгол Улс дахь захирал Пак Ген Хи өөрийн биеэр Увс аймагт хүрэлцэн ирж гардуулж байгаа юм. Одоогоор аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд долоон төрлийн иж бүрдэл бүхий эмнэлгийн хамгаалах хэрэгслүүдийг гардуулаад байна.

Мөн Тэс суманд “Монгол Улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх тусламжийн төсөл”-ийн хүрээнд ирсэн хүнсний болон эмнэлгийн хэрэгслийн тусламжийн зүйлсийг өнөөдөр зорилтот бүлгийн иргэдэд өгсөн байна.

Энэхүү тусламжийн зүйлсийг Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Бөхмөрөн, Давст, Улаангом сумын өрхүүдэд энэ сардаа багтаан хүргэх юм байна.

関連ニュース