Тэс сумын Нарийний голын гүүрэн дээр пост ажиллуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын ЗДТГ-аас Нарийний голын гүүрийн
аман дээр энэ сарын 11-нээс эхлэн пост гаргаж, аймгийн төв, сум хооронд явж буй
автомашинд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, зорчигчдод коронавирусний
халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж мэдээлэл өгч, биеийн халууныг
нь хэмжин ажиллаж байна. Энэ талаар Тэс сумын ЗДТГ-ын дарга Г.Буяндалайгаас утсаар
тодрууллаа.
“Энэ сарын 11-ний өдрийн 12.00 цагаас эхлээд Нарийний голын
гүүрэн дээр пост ажиллуулж байна. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоосон тул малчид дотуур
байранд байсан хүүхдүүдээ өчигдөр ирээд аваад явсан. Өнөөдрөөс сургууль,
цэцэрлэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Улаанбаатар хотоос энэ сарын 11-нд гэртээ
ирсэн гурван хүн байгаа. Тэднийг сумын эмч нар байнгын хяналтад авч, гэр
оронд нь ариутгал халдваргүйжүүлэлт хийн, гэрээсээ 14 хоног гарч орохгүй байх
зөвлөмж чиглэл өгсөн. Эдгээр хүмүүс Улаанбаатарт “Хархан нүдэн” тоглолт үзээгүй
гэж хэлсэн.
Мөн манай сумын харьяат таван оюутан энэ сарын 11-нд ХӨСҮТ-д очиж
бид нар тоглолт үзсэн, шинжилгээ өгмөөр байна гэдгээ албан ёсоор хэлсэн гэсэн.
ХӨСҮТ-өөс та нар 14-р эгнээнд суугаагүй бол оршин суугаа байрандаа 14 хоног өөрийгөө
тусгаарлаад гарч, орохгүй байгаарай гэдэг зөвлөмж өгөөд буцаасан байсан” хэмээн
Тэс сумын ЗДТГ-ын дарга Г.Буяндалай утсаар манайд мэдээллээ.