Б.Баттулга: Сэжигтэй тохиолдлын 2-р хавьтлын иргэдийг гэр гэрт нь тусгаарлаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаас дараах тодруулгыг авлаа.
-Аймгийн Онцгой комиссоос энэ цаг үед ямар арга хэмжээг авч
хэрэгжүүлж байна вэ?
-Улс
орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн
энэ үед бүх сум болон аймгийн төвд хөл хорио тогтоогоод байна. Коронавирусний халдвартай иргэний 1-р зэргийн хавьтагчтай хамт байсан Бөхмөрөн
сумын гурван иргэнийг сэжигтэй
байж магадгүй гэсэн мэдээллийн дагуу өнгөрсөн шөнө аймгийн
шуурхай штаб хуралдаж, тухайн иргэдийг олох, маршрут хавьтлыг тогтоох
ажлыг явуулж байна.
Энэ хүрээнд 2-р хавьтлын буюу Бөхмөрөн сумын дээрх 3 иргэнээс
шуурхай арга хэмжээний баг газар дээр нь очиж дээж шинжилгээг өнөө өглөө авсан. Эдгээр иргэдийн мэдээллээр бол энэ сарын 10-ны орой
Улаанбаатар
хотоос нааш хувийн унаагаар явахдаа Түргэн сумын 3 иргэнийг дайж, замдаа Түргэн суманд гэрт нь хоносон гэсэн өгүүлэмжтэй байгаа. Иймээс Түргэн сумын 3 иргэнээс мөн шинжилгээ авсан. Үүнээс гадна "Хархан нүдэн" тоглолт үзсэн гурван иргэн аймгийн төвд байгаа бөгөөд тэднээс мөн шинжилгээ авсан. Шинжилгээний дээжүүдийг өнөөдөртөө багтаан Улаанбаатар хот руу тусгай машинаар
тээвэрлэнэ.
Одоогоор тухайн иргэдийг гэр
гэрт нь
тусгаарлалтад аваад байна. Мөн Бөхмөрөн, Түргэн сумын хэмжээнд хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг хязгаарласан.
Бөхмөрөн сумын Онцгой
комисс хуралдаж,
дараа дараагийн шийдвэрийг авахаар ярилцаж байна. Мөн Түргэн сумын онцгой
комисс хуралдаж шуурхай арга хэмжээ авна.
-Ард иргэдэд хандаж юу гэж зөвлөх вэ?
-Эдгээр иргэдэд сэжигтэй тохиолдол байж болзошгүй нөхцөл байдал
үүссэн ч ард иргэд айж цочирдох шаардлагагүй, дор бүрнээ дэглэмээ сахивал асуудал үүсэхгүй. Иймээс аль болох гэр орноосоо
гарахгүй байж, гараа тогтмол угаан, амны хаалтаа зүүж, мэргэжлийн
байгууллагуудаас өгч байгаа заавар зөмлөмжүүдийг дагаж биелүүлэх хэрэгтэй.
-Танд баярлалаа.