Абэ Шинзод Олимпын одон гардуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО. /Kyodo/.
Энэ оны есдүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас
албан тушаалаасаа огцорсон Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог Олимпын одонгоор
шагнасан тухай Олон улсын олимпын хороо /ОУОХ/ “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Шагнал гардуулах ёслол Токио хотын Олимпын музейд болжээ. Шагналыг Японы
Засгийн газрын тэргүүн асанд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах гардуулав.
“Абэ олимпын наадмыг Токиод зохион байгуулах эрх авахад ихээхэн хүчин
зүтгэл гаргасан. Тэрбээр Рио-де-Жанейрод болсон олимпын наадмын хаалтын ёслолын үеэр супер
мариогийн дүрээр олны өмнө гарч ирж байлаа” хэмээн ОУОХ-ны мэдэгдэлд дурджээ.
Токиогийн олимпын наадам 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын
9-ний хооронд болох ёстой байсан хэдий ч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон билээ.
“Бэлтгэлийн талаарх эргэлзээг арилгахад Абэ ОУОХ-ны гишүүдийг ятгаж, чухал
үүрэг гүйцэтгэж чадсан. Түүнчлэн тэмцээнийг хойшлуулах түүхэн шийдвэр гаргасан
нь бидний гүн итгэлцэл, ойлголцолтой холбоотой юм” гэж Бах шагнал гардуулах
ёслолын үеэр мэдэгдсэн байна.