Алтайн салбар уулсаа дагасан бага зэргийн цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. 2020-2021 оны өвөл Ховд аймгийн 17 сумын 91 багт 8476 малчин өрхийн 3841.6 мянган толгой мал өвөлжиж байна. Үүнээс өөрийн аймгийн бусад суманд отор нүүдэл хийсэн 20 өрхийн 9.6 мянган толгой мал байна.
Түүнчлэн Говь-Алтай,
Баянхонгор, Увс аймгийн нийт 32 өрхийн 18.8 мянган толгой мал Ховд аймагт өвөлжиж
байна. Мөн Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор зэрэг өөр аймаг, сумын 43 өрхийн 32.9 мянган толгой тавиул мал
өвөлжиж байна гэж Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Энэ оны арваннэгдүгээр
сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм мэдээгээр зарим сумын нутгаар 9.4 мм цас
орсон. Үенч,
Алтай, Дарви суманд 2-3 удаа цас орж, 1-3 см зузаан цасан бүрхүүлтэй болсон
аж. Бусад сумын нутгаар цасан бүрхүүл тогтоогүй. Алтайн салбар уулсаа дагасан
бага зэргийн цоохор цастай байна.
Одоогийн байдлаар өвөлжилт хэвийн. Нийт суманд хужир
шүү бэлтгэх, мал оторлох ажил үргэлжилж буй. Мөн 2-3 суманд малд нэмэгдэл тэжээл өгөх
ажил энэ сарын 15-ны өдрөөс эхэлжээ.
Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх
долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр энэ сарын 25, 29-нд зарим газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас 4-9м/с байна.
Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 21-26
градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 15-20 градус,
өдөртөө 5-10 градус хүйтэн байх төлөвтэй гэж Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Одоогийн байдлаар Ховд аймгийн Дунд сэнхэр гол 10 см, Долоон нуур, Хар-Ус нуур эргээрээ 20 см зузаан мөстсөн. Бусад голууд мөсөн зах, өтгөн зайртай
байна. Иймээс голын
сав газраар нутагладаг малчин, иргэд болон тээвэрчид анхаарал болгоомжтой байхыг
мэргэжлийн байгууллагаас зөвлөв.