Дарви сумын хяналтын цэгийн үйл ажиллагаатай танилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн
Засаг дарга Б.Дүгэржав 12 дугаар сарын 01-ний өдөр Дарви суманд ажиллалаа.
Энэ үеэр Улаанбаатар хотоос ирж буй орон нутгийн иргэдийг
хүлээн авах бэлтгэл, Дарви сумын хяналтын цэг дээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлтэй
газар дээр нь танилцав.
Дарви сумын хяналтын цэгийн үйл ажиллагаа, ажиллах хүчийг нэмэгдүүлж, иргэдээс
түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах, асуумж судалгаа авах, зөвлөгөө өгөх
бэлтгэл, бэлэн байдлыг бүрэн
хангажээ.
Тодруулбал, мэргэжлийн байгууллагаас 30 гаруй алба
хаагч үүрэг гүйцэтгэж байна. Цагдаагийн хяналтын цэг болон нэмэлтээр барьсан таван гэрт 12 лаборант эмч ажиллаж шинжилгээ авч байна.
Мөн 10 хүн асуумж судалгаа,
зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм. Хэрэв зарим иргэний шинжилгээний хариу эерэг гарвал PCR
шинжилгээний хариу гарах хүртэл сумын Эрүүл мэндийн төвд-5, сурагчдын дотуур
байранд-20 нийт 25 хүнийг тусгаарлах байр бэлтгэсэн аж.
Аймгийн Засаг даргын зүгээс энэ
удаа иргэдийн
эрүүл,
аюулгүй
байдлын төлөө галын
шугаманд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын алба хаагч, эмч
мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, дархлааг нь дэмжсэн
чанартай хоол хүнсээр хангах асуудлыг анхаарч, тухай бүрт шийдвэрлэн ажиллах үүргийг Дарви сумын Засаг
дарга О.Ганцоожид үүрэг болголоо.
Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчихоор 3800 орчим иргэн бүртгүүлсэн. Өнөөдөр л гэхэд 600 орчим зорчигчтой 15 автобус ирнэ. Улаанбаатар хотоос ирж буй иргэд мэргэжлийн байгууллагаас тавьж буй шаардлага, зөвлөмжийг мөрдөж, 14 хоногийн хугацаанд гэрийн ажиглалтад байхыг анхаарууллаа.


