БНХАУ-ын экспорт 21.1 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-12-07 17:16:40

БЭЭЖИН. /NHK/. Дэлхий даяар “COVID-19” халдварын улмаас хөл хорио тогтоогоод буй энэ үед эмнэлгийн хэрэгсэл, бусад бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор БНХАУ-ын экспорт энэ оны 11 дүгээр сард огцом өсжээ.


БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, экспорт 11 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 21.1 хувиар өсжээ. Ингэснээр уг үзүүлэлт сүүлийн зургаан сар дараалан өссөн дүн үзүүлсэн байна.  


Европ, АНУ-д халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэж байгаатай холбоотойгоор амны хаалт, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт ихээхэн өсжээ.


Мөн цахимаар ажил үүргээ гүйцэтгэх хүмүүсийн тоо нэмэгдэх болсонтой холбоотойгоор суурин компьютер болон бусад цахилгаан төхөөрөмжийн эрэлт өссөн хэвээр байна.


БНХАУ-ын импорт тухайн сард 4.5 хувиар өссөнөөр гурван сар дараалан өсөлт үзүүлжээ. Мөн гадаад худалдааны хэмжээ 460 тэрбум ам.долларт хүрсэн нь 13.6 хувиар өсжээ. Эдгээр нь Хятадын эдийн засаг томоохон орнуудынхаас түрүүлж сэргэж буйг харуулжээ.


Гэвч Хятадын эрх баригчид юанийн ханш өсөх нь ирэх саруудад экспортын хэмжээг бууруулж болзошгүйд санаа зовниж байна. Мөн тэд бусад оронд халдварын тохиолдол нэмэгдэж байгаагаас үүдэлтэй нөлөөллөөс болгоомжилж байгаа ажээ. 

関連ニュース