Украинд хорио цээрийн хатуу дэглэм тогтооно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КИЕВ. /Ukrinform/. “COVID-19” цар тахлын улмаас Украинд тогтоосон бүх нийтийн хорио цээрийн дэглэмийг нэгдүгээр сарын 8-наас 24-ний хооронд чангатгаж, онцгой байдлыг хоёрдугаар сар дуустал сунгахаар болжээ.
Хорио цээрийн хатуу дэглэмийн үеэр дараах хязгаарлалтуудыг хийхээр болсон байна. Үүнд:
- Цэцэрлэг, тусгай сургалттай сургуулиудаас бусад боловсролын бүх байгууллага болон зугаа цэнгэлийн газрууд, зах, соёлын байгууллагуудыг хаана
- Олон нийтийн арга хэмжээг хориглоно
- Худалдааны төвүүд зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн (хүнс, эм, эрүүл ахуйн бүтээгдэхүүн, малын эм, малын тэжээл, түлш) худалдан авах хүмүүст үйлчилнэ
- Кафе, баар, зоогийн газрууд зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Зочид буудлууд руу ийм үйлчилгээ үзүүлэхийг хоригложээ.
- Үсчин, гоо сайхны газруудаар үйлчлүүлэхдээ урьдчилж захиалга өгнө.
Харин нийтийн тээвэр, банк, шуудан, мал эмнэлэг, шатахуун түгээх станц, зочид буудал, засвар үйлчилгээний газрууд хэвийн ажиллах аж. Энэ үеийг иргэдийн аюулгүй байдлын төлөөх “өвлийн амралт” гэж нэрлэж болно гэж Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгджээ.
Украины Засгийн газар гуравдугаар сарын 12-ноос бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд тавдугаар сарын 11-нээс зарим хязгаарлалтыг сулруулж, хорио цээрийн дэглэмийг он дуустал сунгасан байна.
Одоо тус улсад мэргэжлийн спортын тэмцээнүүд, кино театр, театруудаас (үзэгчдийн суудал 50 хувиас хэтрэхгүй) бусад олон нийтийн арга хэмжээг хориглосон байгаа юм. Диско болон зугаа цэнгэлийн бусад газрууд 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа аж.
Украинд коронавирусний халдварын 867 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 14700 хүн нас барсан байна. Цар тахал дэгдсэнээс хойш 470 мянга орчим хүн эдгэрчээ.