Дэлхийн тэрбумтнууд энэ жил хэр их баяжсаныг тооцоолон гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-17 10:44:38

НЬЮ-ЙОРК. /Forbes/. Дэлхийн тэрбумтнууд 2020 онд нийт 1.9 их наяд ам.доллароор баяжсаныг “Forbes” сэтгүүл тооцоолон гаргажээ.  


2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар тэрбумтнуудын хөрөнгө 11.4 тэрбум ам.долларт хүрч байгаа нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт болов.


Нийлбэр дүнгээр Хятадын тэрбумтнуудын хөрөнгө хамгийн их нэмэгджээ.  Энэ онд тэдний хөрөнгө 750 тэрбум ам.доллароор өсөж, 2 их наяд ам.долларт хүрсэн байна. 


Жагсаалтын хоёрдугаарт Америкийн баячуул орж байна. Тэдний хөрөнгө 650 тэрбум ам.доллароор өсөж, 2 их наяд ам.долларт хүрч байна. Улиран одож буй он “Tesla”, SpaceX” компанийн тэргүүн Илон Маскын хувьд тун ээлтэй жил байжээ. Тэрбээр энэ онд 110 тэрбум ам.долларыг олжээ. Одоогоор түүний хөрөнгө 137 тэрбум ам.доллар бөгөөд тэрбээр хамгийн баян хүмүүсийг жагсаалтад гуравдугаарт бичигдэж байгаа юм.


Францын тэрбумтнууд жагсаалтын гуравдугаарт бичигдэв. Тэдний хөрөнгө жилийн дотор 95 тэрбум  ам.доллароор өсөж, одоогоор нийт хөрөнгө нь 500 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Үүнээс “LVMH” группын ерөнхий захирал Бернар Арно, “L'Oreal” компанийн өв залгамжлагч Франсуаза Беттанкур-Мейерс нар хамгийн их ашиг олжээ.

関連ニュース