Сумын 282 айл өрхөд 524,4 тн ахуйн хэрэглээний ус түгээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Батцэнгэл суманд коронавирусний халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд сумын Шуурхай штабаас нийт 100 гаруй айл өрхөөс захиалга авч, 18 хүнсний дэлгүүрээс хүнс болон бараа материалыг батлагдсан хуваарийн дагуу түгээлт хийжээ. Мөн иргэдийн идшийг хяналтын постоор солилцох ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажилласан байна.
Энэ хугацаанд сумын төвийн хэмжээнд нийт 282 айл өрхөд 524,4 тн ахуйн хэрэглээний ус түгээлт хийжээ. Мөн айл өрхүүдээс түлээ болон нүүрсний захиалга авч, нийт 45 машин модыг 45 өрхөд, 24 тн нүүрсийг 27 өрхөд хүргэлтээр буулгаж өгөх ажлуудыг зохион байгуулсан байна.