Хадны зургийг судлах, хамгаалах талаар гадаадынхны туршлагаас судалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд Монголын гурван газар багтсаны нэг нь Монгол Алтайн нурууны Хадны зургийн цогцолбор дурсгал билээ. Иймээс Монгол Улс Алтайн нурууны болон бусад газрын хадны зургийн хадгалалт хамгаалалтад онцгой анхаарал хандуулах төдийгүй хадны зургийн судалгааг улам гүнзгийрүүлэх үүргийг хүн төрөлхтний өмнө хүлээсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтөний соёлын өв-хадны зургийн дурсгалыг хадгалж хамгаалах, судалгааны ажлыг улам гүнзгийрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах ач холбогдолтой “Хадны зураг” төслийг эхлүүлэн ажиллаж байна.
Уг төслийн хүрээнд “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн ивээл дор зохион байгуулж байна. Хуралд гадаад 10 гаруй орны эрдэмтэд, Монголоос 7 эрдэмтэн, 60 гаруй судлаач, сонирхогчид оролцож, дэлхийн өв болсон хадны зургийг судлах арга зүй, түүнийг тайлан тайлбарлах, хадгалж хамгаалах талаар бусад улс орнуудад явуулж байгаа туршлагаас хуваалцаж, Монгол орны нутаг дэвсгэрт байгаа хадны зургийг судлах, тайлах чиглэлээр явуулж байгаа эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэх хуралд Ховд аймгийн ЗДТГ-ын дарга, Түүхийн ухааны доктор дэд профессор Б.Батмөнх урилгаар оролцсон юм.
Тэрээр “Ховд аймгийн байгалийн нөхцөл, нөөц, түүх, соёл” номондоо Монгол Алтайн нурууны хадны зураг, түүхийг бичсэн нь эрдэмтэдийн анхаарал татаж байна.
Эртний нүүдэлчдийн оюун санааны хувьсал, тухайн цагийн нийгэм, соёл, аж ахуйн бодит байдлыг тусгасан дурсгал бол хадны зураг билээ. Монгол орон хадны сийлмэл зургийн дурсгалаар баялаг орны нэг төдийгүй тэдгээрийн агуулга, зохиомж, түүх соёлын үнэ цэнэ зэргээрээ дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татдаг юм.
А.Бямбасүрэн