Япон гадаадын иргэдэд виз олгохоо түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-28 09:27:36

ТОКИО. /Bangkok post/. Коронавирусний шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан Япон улс даваа гаргаас  гадаадын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглож, шинээр виз олгохоо зогсоож байна.


Энэ арга хэмжээ ирэх оны нэгдүгээр сар эцэс хүртэл хэрэгжих аж. Арга хэмжээнд тусгаснаар зөвхөн Японы иргэд болон тус улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй, урт хугацааны визтэй гадныхныг л хилээрээ нэвтрэхийг зөвшөөрчээ.


Ийм зөвшөөрөлтэй иргэд коронавирусний шинэ хувилбар бүртгэгдсэн улс орнуудаас ирэхээр болбол 72 цагийн дотор өгсөн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах бичиг баримтаа авчрах шаардлагатай аж. Түүнчлэн ирсэн хойноо нисэх онгоцны буудал дээр дахин нэг удаа шинжилгээ өгөх ёстой юм байна. 


Үүнээс гадна засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Хятад, Өмнөд Солонгос, Тайланд, Вьетнам, Сингапур, Малайз зэрэг Азийн 11 улс, бүс нутгийн бизнес эрхлэгчид, төлөөлөгчид Япон улсын хилээр нэвтрэх боломжтой.


Даваа гаргаас өмнө шинээр олгосон визийн үйлчлэлийг Японы цагаачлалын хяналтын алба цуцлахгүй. Харин Их Британи, ӨАБНУ-д бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн юмуу 14 хоногийн дотор эдгээр хоёр улсад байсан хүмүүст энэ дүрэм үйлчлэхгүй аж. 


Аялал жуулчлалын салбарт хэрэгжих арга хэмжээнүүд

Япон улсаар хөнгөлөлттэй аялах боломж олгодог “Go To Travel” дотоодын аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрийг даваа гаргаас 1 дүгээр сарын 11 хүртэл зогсоож байна. Энэ талаарх шийдвэрийг халдварын тоо өсөн нэмэгдэж, тархалтыг зогсоох дорвитой арга хэмжээ авахгүй байгаад олон нийт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэнтэй холбогдуулан 12 дугаар сарын дундуур гаргажээ.


Баярын өдрүүдэд олон хүн захиалгаа цуцалсантай холбогдуулан аялал жуулчлалын салбарынханд засгийн газар нөхөн төлбөр олгох аж. “Go To Travel” хөтөлбөр 7 дугаар сарын 22-ноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын эцэс хүртэлх хугацаанд нийт 68.5 сая захиалга авчээ.  


Коронавирусний цар тахлын улмаас ихээхэн хохирол амссан Японы аялал жуулчлалын бизнест шууд дэмжлэг үзүүлж, дотоодын аялалыг сэргээх зорилгоор анх “Go To Travel” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. 


Гурав дахь давлагаа ба шинэ хувилбар

Коронавирусний халдварт өвчний дэгдэлтийн нөхцөл байдал Японд 11 дүгээр сарын эхээр дорджээ. Зарим бүс нутгийн оршин суугчдад баярын өдрүүдэд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, зоогийн газрууд, шөнийн цэнгээний газруудыг ажлын цагаа багасгахыг шаарджээ.

Халдвар авсан хүний тоо тус улсад 220 мянгыг давсан бол нас барсан хүний тоо 3.2 мянгад хүрчээ. Энэ сард гэхэд л халдвар авсан хүний тоо мянга гаруйгаар нэмэгдсэн байна. Түүнчлэн энэ хугацаанд биеийн байдал нь хүндэрсэн өвчтөнүүдийн тоо 2 дахин нэмэгджээ.

Японы улсад коронавирусний шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол бямба гарагт бүртгэгдсэн юм. Тус улсад коронавирусний шинэ хувилбараар халдварласан нийт долоо тохиолдол бүртгэгдсэнээс зургаа нь Их Британиас зөөвөрлөгдөн иржээ. 

関連ニュース