Гэрийн ажиглалтын дэглэм зөрчвөл хариуцлага тооцно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-01-27 17:14:12

Увс /МОНЦАМЭ/. Халдварын голомттой бүсээс ирж байгаа иргэдийг Улаангомын Адарганы постоор нэвтрэхэд халууныг хэмжиж, асуумж авсны дараагаар Бөхийн өргөө болон 12-р багийн төвийн байр, 4, 5, 11-р багийн төвийн байранд түргэвчилсэн тестээр шинжилгээ авч байна.

Улаанбаатар хотоос ирж байгаа иргэдийг 14 хоног гэрийн ажиглалтад байлгах бөгөөд Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Багийн засаг дарга нар эргүүлээр явж хяналт тавьж ажиллах юм байна. Иймд халдвартай бүсээс ирсэн иргэд Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг мөрдөж, халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахиж, гэрийн ажиглалтад 14 хоног байх, энэ хугацаанд гадуур явахгүй, айлаар зочлохгүй, гэртээ зочин урихгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас онцгойлон анхааруулж байна.

Хэрвээ иргэд Гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх аж. 

Энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос нийтийн тээврээр болон хувийн унаагаар гарсан 500 орчим иргэн түрүүчээсээ өнөөдөр ийнхүү аймагтаа ирж байна.

関連ニュース