Халдвартын эмнэлэг, цэцэрлэгийн барилгыг засварт 350.000 еврогийн санхүүжилт олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-07 15:25:20

Эрчим Хүчний Үр Ашиг Төсөл  энэ зун Завхан, Ховд аймагт нийтдээ 6 байшин засварлахаар тендер зарлаад байна.

Энэ хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын Халдвартын эмнэлэгийн барилга, 3-р цэцэрлэг, Чандмань сумын цэцэрлэгүүдийг аймаг сумын ОНХС, Эрүүл Мэнд Спортын яам болон ЭХҮА төслийн хамтарсан санхүүжилтээр засварлахаар боллоо. ЭХҮА төслийн баруун бүсийн менежер Анна Клейншрот болон Аймгийн Засаг Дарга Д.Цэвээнравдан нар энэхүү санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээнд зааснаар ЭХҮА төсөл Ховд аймагт засварлагдах 3 барилгад 350.000 еврогийн хөрөнгө оруулалт оруулах юм.

ЭХҮА төсөл нь Халдвартын эмнэлэгийн засварын 60 хувь, Чандмань болон Жаргалант сумын 3-р цэцэрлэгийн засварын тус бүр 40 хувийг санхүүжүүлэх юм байна. Үлдсэн хэсгийг сум аймгийн ОНХС болон Эрүүл Мэнд Спортын Яамны санхүүжилтээр гүйцэтгэх ажээ.

Эрчим Хүчний Үр Ашиг Төсөл (ЭХҮА)  Ховд, Завхан аймгуудын олон нийтийн эзэмшлийн барилга байшингуудын дулааны алдагдлыг бууруулж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхэд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр болон Төсвийн тухай шинэ хуулиар орон нутагт хуваарилж эхлээд буй Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдэх боломжтойг харуулах зорилготой төсөл юм.

Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа болон Хөгжлийн Яамнаас хамтран санхүүжүүлж Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа тус төсөл нь орон нутгийн ард иргэдийг тэдний сайн сайхан байдал болон тав тухтай амьдрах нөхцлийг сайжруулахад үр өгөөжөө өгөх нэн тэргүүнд  хийгдэх шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг төлөвлөх болон төсөвлөх үйл явцад идэвхтэй оролцох боломжоор хангахыг зорьж байгаа  юм. 

ЭХҮА төсөл нь Завхан болон Ховд аймагт нийтдээ олон нийтийн эзэмшлийн зориулалттай 7 барилга байгууламжийг сум аймгийн ОНХС-ийн хамтарсан хөрнгө оруулалтаар засварлаад байна. Өнгөрсөн хугацаанд засварласан тус барилга байгууламжуудын халаалтын төсөв 50-60 хувиар хэмнэгдсэн судалгаа гарсан байна.

 

                                                           А.Бямбасүрэн

関連ニュース