Японд зэрлэг амьтан хооллосон хүнд их хэмжээний торгууль ногдуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО.
/Kyodo/. Зэрлэг амьтад, шувуу хооллосон оршин суугчийг 300 мянган иен буюу
2.9 мянга орчим ам.доллараар торгох шийдвэрийг Японы Засгийн газар гаргажээ.
Цэцэрлэгт
хүрээлэн, дархан цаазат газруудын тухай хууль тогтоомжийг эргэн харах төсөлд
энэхүү зүйл заалтуудыг оруулжээ. Холбогдох баримт бичгийг гуравдугаар сарын
эхээр Сайд нарын танхимын хуралдааны үеэр батлах төлөвтэй байна.
Төслийг
боловсруулсан Японы Хүрээлэн буй орчны яамны үзэж байгаагаар, зэрлэг амьтдыг
хооллож, тэжээх нь хүн, амьтан хоорондын байгалийн саадыг туулах хил хязгаарыг
зөрчиж, аюултай нөхцөл байдлыг үүсгэдэг байна. Тодруулбал, зэрлэг амьтад суурин газрыг зорих
хандлагатай болсноор зарим үед хүмүүс рүү дайрах тохиолдол гардаг аж.
Эхний
ээлжинд баавгай, үнэг, зэрлэг сармагчингуудыг тэжээх, хооллохыг хоригложээ.
Оршин суугчдын ийм үйлдэлд албан ёсоор анхааруулга өгөх эрхийг орон нутгийн эрх
баригчдад олгох аж.
Хоол
тэжээл хайсан баавгайнууд сүүлийн үед суурин газарт үзэгдэх явдал түгээмэл болсонд Японы эрх баригчид санаа зовниж байна. Тухайлбал, Хоккайдо арлын
Сирэтоко цэцэрлэгт хүрээлэнд 2017 оноос 2020 оны хугацаанд 355 ийм тохиолдол
бүртгэгджээ.