Японы төлөөлөгчид бөөрний аппаратын ашиглалттай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-10 11:05:20

Япон улсын Токүшюү-Монгол сангийн Монгол дахь сангийн тэргүүлэгч Ишитава Ичиро тэргүүтэй төлөөлөгчид тус сангаас 2015 онд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт  бэлэглэсэн бөөрний таван аппаратын ашиглалттай танилцсан байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Токүшюү-Монгол сангийн  ТУЗ-ийн гишүүн Танака Коичи, Нипро компанийн төлөөлөгч Хамагүчи Акихито, Ужихара Ёшио, Хира Ока нар багтжээ.

Тэд Нэгдсэн эмнэлэгт ажиллах үеэрээ, Бөөрний аппаратуудыг Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт байрлуулсан нь оновчтой хэдий ч өрөөний зай талбай хангалттай биш, томруулах шаардлагатай байгааг зөвлөжээ. Мөн тэд аппаратууд хэвийн ажиллаж байгаа, эмч мэргэжилтнүүд нь аппаратаа бүрэн эзэмшсэнд нь сэтгэл хангалуун байлаа.

Засаг дарга Д.Жаргалсайхан төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ, аймгийн зүгээс эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар шинэчлэх ажлуудыг хийж байгаа. Эдгээр аппаратуудыг ашиглалтад оруулснаар зөвхөн манай аймгийн төдийгүй, зэргэлдээ аймгийн иргэд оношилгоо хийлгэхээр ирж байгаа нь иргэдийн санхүү болон цаг хугацааг хэмнэсэн олон давуу тал болж байна хэмээн онцлов.

Ирэх есдүгээр сард “Токүшюү-Монгол” сан Хятадын Шанхай дахь салбараасаа мэргэжилтэн урьж, аппаратуудын ашиглалт, эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2 өдрийн онол-практикийн “Айлчлан сургалт”-ыг Нэгдсэн эмнэлэгт зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ нь иргэдэд үзүүлж буй эмчилгээг тасалж, хүндрэл учруулахгүй байх давуу талтай аж.

Б.Мөнхзул

関連ニュース