Эрүүл мэндийн чиглэлээр дөрвөн дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр дөрвөн дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан.
Засаг даргын захирамжаар
байгуулсан ажлын хэсэг тус салбарын эрдэмтэн, гавьяатууд, эмч нарын төлөөллөөс бүрдсэн
зөвлөх багтай хамтран хөтөлбөрүүдийг боловсруулж, үе шаттай уулзалт, хэлэлцүүлэг
зохион байгуулж байна.
Тодруулбал, энэ сарын 4-нд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар хамтран төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, хамтрагч байгууллагын төлөөллийг оролцуулсан “өргөтгөсөн хэлэлцүүлэг” зохион байгуулав.
Энэ үеэр шинээр боловсруулан хэрэгжүүлэх “Эрүүл иргэн”, “Чадварлаг эмч, мэргэжилтэн”, “Эрүүл эр хүн” хөтөлбөрийг танилцуулж, санал солилцлоо.
Мөн “Эх хүүхдийн ээлтэй
тусламж үйлчилгээ” хөтөлбөрт тусгах саналыг цахимаар хүлээн авахаар төлөвлөж буй.
Хэлэлцүүлэгт Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав оролцож, эрүүл мэндийн салбарт
хэрэгжүүлж буй бодлого, цаашдын зорилтын
талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ: Өнгөрсөн хугацаанд эмч, мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлээр сургах, эрүүл мэндийн байгууллагыг
орчин үеийн шаардлага хангасан техник, тоног төхөөрөмжтэй болгох, барилга байгууламжийг
нь шинэчлэн сайжруулах асуудлыг үе шаттай шийдвэрлэсэн.
Одоо эмч, эмнэлгийн ажилтнууд ажлын сахилга, хариуцлагаа өндөржүүлэн ажиллах хэрэгтэй. Иргэдийг эрүүл байлгах гэдэг зөвхөн эрүүл мэндийн салбарынханд хамааралтай асуудал биш. Хувь хүн, байгууллагуудын хамтын оролцоо, дэмжлэг чухал байна. Тиймээс эрүүл мэндийн салбарт хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах, амны хөндийн өвчлөлийг бууруулах, эрчүүдийн эрүүл мэндэд анхаарах замаар дундаж наслалтыг нэмэгдүүлэх гээд олон зорилт тавьж байна гэв.