"Хадрангаа хамтдаа хамгаалъя" аян өрнүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд монгол хадран загас агнах хуулийн хориотой үе байдаг. Учир нь энэ хугацаанд монгол хадран загасны үржлийн үе тохиодог гэнэ.
Хадран загас нүүдэл хийхдээ Ховд аймгийн Хар-Ус нуураас Ховд голыг өгсөн Шижигтийн хавцлын боргионд очиж, түрсээ шахдаг аж. Иймээс Монгол хадран клубийн хамт олон "Хадрангаа хамтдаа хамгаалъя" аян өрнүүлж, өнөөдрөөс эхлэн Ховд гол дагуу загас барьдаг цэгүүд дээр хяналт, судалгаа хийж, орон нутгийн иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж буй.
Одоогоор тус клубийнхэн "Хадрангаа хамтдаа хамгаалъя" аяны хүрээнд
Хар-Ус нуураас Шижигтийн хавцал хүртэл Ховд гол дагуу аялж, амарч яваа болон сум
аймаг хооронд зорчиж буй 68
иргэнд
загасны хууль бус агнуураас сэргийлэх талаар сурталчилгаа
хийж, тараах материал олгожээ.
Хар-Ус нуурт монгол
хадран, алтайн шар сугас, нохой сугас, давжаа сугас гэсэн дөрвөн төрлийн 60
мянга орчим загас байдаг. Үүний 70-80 орчим хувийг монгол хадран, алтайн шар
сугас эзэлж байна гэсэн судалгаа бий.
Энэ жил цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан загас эрт түрсээ шахах магадлалтай байгаа. Иймд иргэд үржлийн үед нь загас барихгүй, идэхгүй, зарахгүй байхыг мэргэжилтнүүд уриалж байлаа.