Төрийн албаны шалгалтад 540 иргэн орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-03-11 13:41:37

Увс /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 12-15-ны өдрүүдэд авахаар товлосон байна. Аймгийн хэмжээнд 540 иргэн төрийн албаны шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тус шалгалтын хуваарь энэ сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим сайтад нийтлэгдсэн байна. Иймээс иргэдийг шалгалтын баталгаажуулалтын хуудсаа хэвлэж авахыг аймгийн Төрийн албаны Салбар зөвлөлөөс сануулж байна.

Төрийн албаны шалгалт нь үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд Ерөнхий мэдлэгийн шалгалт нь 60 минут үргэлжлэх аж. Тус шалгалтад 35 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн Монгол хэл, бичгийн шалгалтад орох эрхтэй байна. Монгол хэл бичгийн шалгалт 30 оноотой ба босго нь 20, Дүн шинжилгээний шалгалт 15 оноотой босго нь 10 оноо аж.

“Иргэд шалгалтын цагийн хуваарийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газарт ирэх ба цагаасаа 30 минутын өмнө ирж танхимдаа орсон байх ёстой. Цагаасаа хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй.

Баталгаажуулалтын хуудас дээрх цагийг орон нутгийн цагаар тооцохыг анхаарна уу. Жишээ нь 2021 оны 3 дугаар сарын 12-ны 08.00 цаг гэсэн байвал орон нутгийн цагаар 07.00 цаг гэж ойлгох ба 06.30 минутад шалгалт авах газраа ирсэн байх ёстой.

Шалгалтад бүртгүүлсэн иргэдтэй нэг бүрчлэн утсаар холбогдож байгаа бөгөөд зарим иргэдийн утас холбогдохгүй, ашиглалтад байхгүй утас бүртгүүлсэн байгаа тул шаардлагатай мэдээллийг ТАСЗ-ийн 70453737 дугаарын утсаар лавлана уу” хэмээн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс манайд мэдээллээ.

関連ニュース