Алга болсон охиныг эрэлч нохойны тусламжтай олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-15 14:54:43

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн малчин Г.Эрдэнэбаатарын хоёр нас долоон сартай Э.Энгүүн гэх эмэгтэй хүүхэд энэ сарын 5-нд алга болжээ. 

Охин гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон гэх дуудлага мэдээллийг энэ сарын 5-ны өдрийн 20.35 цагт Ховд аймаг дахь Цагдаагийн газарт ирүүлсэн байна.  

Улмаар Ховд аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдал, Буянт сумын ЗДТГ-ын ажилтан, алба хаагч, нутгийн иргэд зэрэг 53 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг тус өдрийн 22.03 цагт Буянт сумын Шим ус гэх газар орчимд эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ.

Хүүхэд алга болсон газар нь аймгийн төвөөс 18 орчим км зайтай, уулархаг, хад чулуу ихтэй байв. Тухайн айлаас 400 орчим метр зайд саахалт гурван айл байдаг аж

Хамгийн сүүлд харсан гэх иргэний мэдээллээр “таван настай ах нь дүүгээ дагуулчихсан мал хариулж яваа аавынхаа чиглэлд явж байсан. Алга болсон хүүхэд нимгэн хувцастай байсан” гэх нөхцөл байдлыг тогтоожээ. (анх ах нь дүүгээ орхиод гэртээ ирсэн, алга болсон гэдгийг эцэг эхдээ хэлснээр эрэн хайж эхэлсэн гэнэ)

Газар нутгийн онцлог, цаг агаарын нөхцөл байдал, хүн хүчний тооноос шалтгаалан алга болсон хүүхдийн хамгийн сүүлд байсан гэх газраас гурав км орчим радиусын тойрогт эрлийн ажиллагааг “самналт” хэлбэрээр зохион байгуулсан боловч хүүхэд олдоогүй байна.

Эрлийн ажиллагааны үед цагдаагийн ахлагч Ц.Жарантай, нохой хөтлөгч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбатулга нарт албаныхаа “Дрон” гэх нохойгоор мөр хөөлгөх чиглэл өгч ажиллав.

Ингээд албаны нохойны мөр хөөж явсан чиглэлд самналт хийх явцад охины хувцсыг 2-3 удаа үнэрлүүлсэн аж. 

Үүний үр дүнд анх алга болсон газраас дөрвөн км орчим зайд хөдөө хээр талд осгосон байдалтай байсан хүүхдийг энэ сарын 6-ны өдрийн 03.50 цагт олж, гэр бүлийн хамт эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

Охиныг эсэн мэнд олсон ажлын багийн нийт бүрэлдэхүүнд малчин Г.Эрдэнэбаатар талархал илэрхийлж, энэ сарын 13-нд цагдаагийн зарим алба хаагчидтай уулзлаа. 

Энэ үеэр дахин цаг хугацаа алдсан бол охин осгох, түүний амь эрсдэх нөхцөл үүсэхээр байсныг ажлын багийнхан онцоллоо. Цаашид малчид, иргэд хөдөлмөрчид бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байв.   


 

関連ニュース