Ховд аймагт анх удаа аяны хөнжил үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. "Микихо" ХХК-ийн оёдлын үйлдвэр энэ оны нэгдүгээр сараас эхлэн Ховд аймагт анх удаа аяны хөнжил хийж, зах зээлд нийлүүлж байна.
"Микихо" ХХК
нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр, Занын гудамжинд
"Микихо төв” байгуулж, орон нутагтаа жишиг болохуйц шинэлэг үйлчилгээ
нэвтрүүлж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, тус төвд
20 хүний багтаамжтай, номын фонд бүхий сургалтын танхим, гарааны бизнес
эрхлэгчдэд зориулсан “start up” office буюу дундын ажлын байр, кофе шоп үйл
ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна оёдлын үйлдвэр тасралтгүй үйл ажиллагаа
явуулж, одоогийн байдлаар ажлын хувцас, бээлий, монгол гэрийн хаяавч, хаалганы
дулаалга зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй.
Үүнээс онцлоход Ховд
аймагт анх удаа аяны хөвөнтэй хөнжил үйлдвэрлэж байна.
Тус аяны хөнжил нь
Жаргалант, Баатархайрхан, Буянт, Ховд гэсэн дөрвөн нэр төрөлтэй. Дотроо дэр,
цагаан хэрэглэлийг багтаасан, 2-3 салдаг, цахилгаантай ба цахилгаангүй, угааж
цэвэрлэхэд хялбар гэдгээрээ онцлогтой аж.
Энэхүү үйлдвэрт одоогийн байдлаар дөрвөн оёдолчин, нэг эсгүүрчин ажиллаж байгаа бөгөөд бүтээгдэхүүний загвар хийцийг өөрсдөө хариуцан гаргадаг аж. Бүтээгдэхүүнийхээ түүхий эд болох хөвөн, даавуу зэргийг Улаанбаатар хотоос татан авч байна.
Улмаар бүтээгдэхүүнээ "Их буян" захын аяллын бүтээгдэхүүний
цэгт гэрээгээр нийлүүлдэг. Мөн 99089840 утсаар захиалга авах ба иргэд үйлдвэрт
ирж шууд худалдан
авалт хийх, захиалга өгөх боломжтой аж.
Аяны хөнжлийн тухайд Ховд аймаг төдийгүй баруун бүс, улсын хэмжээнд зах зээлд гаргаж, анхдагч
болохыг зорьж байна. Учир нь энэхүү
бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын жуулчин,
аялагчид болон иргэд өдөр тутам ашиглах боломжтой.
Ховд аймагт хамгийн
сүүлд хийсэн судалгаагаар 18 мянга орчим жуулчин, аялагчид ирсэн байна. Тэгэхээр
орон нутагт аялал жуулчлалын салбар хөгжиж буй энэ цаг үед бидний үйлдвэрлэж
байгаа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, ашиглалтын хугацаа нэмэгдэнэ.
Бид бүтээгдэхүүнээ илүү
шинэлэг, чанартай болгох, үйлдвэрийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж нээлттэй
байгаа. Одоо хийж буй бүтээгдэхүүнд
хөвөн ашиглаж байгаа боловч цаашид хонины ноосыг мөн ашиглахаар төлөвлөж байна
гэж тус үйлдвэрийн хамт олон мэдээллээ.