Д.Төмөр-Өлзий: Увс аймаг баруун бүсийн томоохон боомт болох ирээдүй хүлээж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Д.Төмөр-Өлзийтэй ярилцлаа. Тэрбээр салбартаа жолоочоос эхлээд удирдах албан тушаал хүртэл дэвшин ажиллахдаа, “Чандмань-Увс” ХХК-ийн захирлаар тасралтгүй 16 жил ажиллажээ. Улмаар Увс аймаг дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан ч өдгөө “ЭБАЖИ” хувийн эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллаж байна.
-Юуны өмнө та өөрийнхөө талаар ярина уу?
-Би 1960 онд Зүүнговь сумын Зэлийн гол гэдэг газар малчин ард Дуламсүрэнгийн 5 дахь хүү болон төрсөн. Эцэг, эх минь малчин хүмүүс тул бага насаа мал ахуйтай ойр өнгөрүүлсэн. 1976 онд Зүүнговь сумын найман жилийн сургууль, 1978 онд Баруунтуруун сумын 10 жилийн сургуулийг төгссөн. Аравдугаар ангиа төгсөөд бусдын адил дээд сургуульд суралцахыг хүссэн ч жолооч болох сонирхолдоо илүү татагдаж, Улаанбаатар хотын Тээврийн техник мэргэжлийн сургуулийн жолооч, засварчны ангид нэг жил суралцсан. Нэг л өдөр хөдөлмөрчин ардын эгнээнд орж, Увс аймгийн НААҮ-ний газрын жолоочоор ажлын гараагаа эхэлж байлаа. Удалгүй гурван жилийн цэргийн алба хаахаар явсан. Цэргээс ирсэн үеэс хойш буюу 1984 оноос үргэлжлүүлэн НААҮГ-т жолооч, слесарь, авто гараашийн тоо бүртгэгч, техникч, механикч гээд бүхий л ажлыг голохгүйгээр хийсэн дээ. Харин сурах хүсэл тэмүүллээ орхигдуулаагүй. 1987 онд 10-р ангиа төгсөөд арваад жилийн дараа элсэлтийн шалгалт өгч, Политехникийн дээд сургуулийн Дулаан хангамж, салхивчийн инженерийн ангид 5 жилийн турш суралцсан. Сургуулиа төгсөөд залуухан инженер нутагтаа ирмэгцээ НААҮ-ний “Чандмань-Увс” ХХК-ийн Ерөнхий инженерээр ажиллаж билээ. Найман жилийн турш тус ажлыг хариуцлагатай гүйцэтгэхийн дээр Техникийн их сургуулийн техникийн ухааны магистр, салбарынхаа тэргүүлэх, мэргэшсэн инженер, Монгол Улсын зөвлөх инженерийн зэргийг хамгаалсан. Мөн Удирдлагын академийг бизнесийн удирдлагын арга зүйч, зохион байгуулалтын менежерээр төгссөн гээд өөрийгөө цаг ямагт хөгжүүлэн, чадваржиж байсан. Улмаар 2000 оноос хойш тасралтгүй 16 жил “Чандмань-Увс” ХХК-ийн захирлаар ажилласан.
-Та хөдөлмөрийн үр шимийг их л эрт мэдэрчээ?
-Миний хувьд үеийнхнээсээ түрүүлж хөдөлмөрийн үр шимийг хүртэж, ажлын ур дүйтэй болсон. Автын инженер болох сонирхолтой атлаа нэг л мэдэхэд усан хангамж, нийтийн аж ахуйн үйчилгээний салбарыг сонирхох болсон маань ойр хавьд нь ажиллаж байсантай холбоотой байх. Тэр үед 64 айлын орон сууц баригдаж, шугам сүлжээний ажил хийгээд цэвэр, бохир ус хэрхэн гарахыг сониучханаар харж байхдаа ихийг сурах хүсэлдээ хөтлөгдсөн дөө. Оюутан байхдаа сайн сурсан гээд 240 төгрөгийн цалин авна. Ажлын туршлагатай гээд сургуулийнхаа сантехникийн слесарь хийж, сарын 250 төгрөг, нийт 500 орчим төгрөгийн цалин аваад ангийн нөхдөө “Улаанбаатар” ресторанд хуйцайнд дааж байлаа. /инээв/ Миний ажлын гараагаа эхэлж байсан үеийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар төвлөрсөн шугам сүлжээ байхгүй бохирын цооног, худгуудтай, түүнээсээ машинаар бохироо соруулж зайлуулдаг байсан бол удалгүй албан газрууд жижиг уурын зуухуудтай болж, шат шатаар ахисаар төвлөрсөн шугамд холбогдсон.
Ер нь их бүтээн байгуулалтын ажил 1990 оноос хойш эхэлсэн. Миний хувьд инженерийн шугам сүлжээний ажил буюу Улаангом сумын хэмжээнд дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ бүхий газар доорх хот байгуулах ажлын 60 орчим хувьд нь гар бие оролцсон байна. Цаг үе нийгмийн хөгжлийг дагаад сүүлийн жилүүдэд инженерийн шугам сүлжээ өргөжиж, шинээр цэвэрлэх байгууламж барих асуудал ч яригдаж байна. Үүнийг дагаад барилга, байгууламж олноор барих, айл өрхүүдийн амьдрах орчин өөрчлөгдөх гээд аймаг орны хөгжилд ихээхэн ач холбогдолтой юм.
-Ажиллах хугацаандаа хийж, хэрэгжүүлсэн томоохон ажлууд гэвэл?
-Миний амьдрал Увс аймгийн Усан хангамж, Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбартай салшгүй холбоотой. Ажилласан 37 жилийн сүүлийн 24 жилд нь ерөнхий инженер, захирал зэрэг удирдах албан тушаалыг хашлаа. Энэ хугацаанд Улаангом хотын төр, хувийн хэвшлийн барилга байгууламж, нийтийн орон сууцнуудын төвлөрсөн шугам сүлжээг шинэчлэх, шинээр төлөвлөлт хийх ажилд хичээл, зүтгэлтэй ажилласан. Тухайлбал дулааны болон цэвэр усны 18422 м шугам сүлжээний шинэчлэлийн ажил, бохир усны 1654 м шугам сүлжээний ажил, нийтийн орон сууцны 57 байр буюу 1470 өрхийн 829 өрхийг нь усны хэмнэлттэй тоолууржуулсан. Дээрх ажлын 70 хувьд нь гар бие оролцсон бол 30 хувьд нь хяналтаар гүйцэтгэсэн. Мөн дэд бүтцийн чиглэлээр Улаангом сумын үерийн далангийн барилга байгууламж, Хяргас сумын 640 хүүхдийн сургуулийн барилга, 80 хүүхдийн дотуур байрны их засвар, Дэглий цагаан нисэх буудлын гадна дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ болон нислэгийн хөөрөх зурвасын гэрэлтүүлгийн кабель угсрах шугамын ажил, Улаангом сумын 30 хүний нийтийн халуун усны барилгын их засварын ажил, Улаангом сумын зарим орон сууцнуудын сантехник бүрэн шинэчлэх засварын ажил зэрэг дан ганц шугам сүлжээний салбар бус дэд бүтцийн салбарт гар бие оролцон ажилласан байна. Ажил, амьдралаа эргээд бодоход 18-хан наснаасаа тус салбартай холбогдож, тогоонд нь чанагдсан болоод ч тэр үү улс, аймгийн хэмжээнд мэргэжил нэгт найз нөхөд олонтой. Хэзээ, хаана ч нэгнээ хүндлээд угтдаг. Мөн залуу үеийнхэндээ зааж зөвлөөд явах сайхан байдаг.
-Өнгөрсөн 4 жилийн хугацаанд мэргэжлийн ажлаасаа хөндийрч, өөр салбар луу хазайсан шүү дээ?
-2016 онд улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан удаан хугацаанд тууштай хийсэн ажлаасаа чөлөөлөгдсөн ч гурван сарын дараа Увс аймаг дахь Гаалийн газрын даргаар томилогдсон. Олон жилийн турш аж ахуйт газарт ажилласан хүний хувьд төрийн албаны ялгаа зааг, ажлын хариуцлага, нарийн дэг жаягийг ойлгосон гэж боддог. Анх ажлаа хүлээж аваад зогсонги байдалд орж байсан удаатай. Ер нь төрийн тусгай албыг шалгарсан хүмүүс л хийх ёстой. Ажлаа мэддэг хүнд төрийн албаны ажил сайхан, харин чадваргүй, сэтгэлгүй нэгэнд бол зүгээр л цалингийн төлөөх ажил болж хувирдаг. Дөрвөн жилийн хугацаанд сайхан хамт олонтойгоо харилцан суралцаж урагшилсан жилүүд байсан. Олон ч ажлын ард гарсан. Тухайлбал, Боршоо боомтын цогцолборын шинэтгэлийн ажил сүүлийн 20-иод жил яригдаад зогсонги байдалтай байсан. 2016 онд Монгол Улсын хилийн боомтуудыг сайжруулах төсөл яригдаж эхэлснээр Сангийн яам, Гаалийн ерөнхий газар зэрэг шат шатны байгууллагуудад аймгийн ИТХ, Засаг даргаар уламжлуулан саналаа хүргүүлсэн маань үр дүнгээ өгч, тус боомтыг олон улсын статустай болгох төслийн судалгааны ажил эхэлсэн байдаг. 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боршоо боомтын цогцолбор, Улаангом дахь Гүний гаалийн хяналт бүрдүүлэлтийн барилгын ажлын зураг төсөв хийгдсэн. Боршоо боомт олон улсын статустай болсноор Увс аймагт хөгжлийн цоо шинэ ирээдүй хүлээж байна гэж боддог. Цаашид Боршоо-Улаангом чиглэлийн 120 км хатуу хучилттай замыг шинэчилж олон улсын хурдны зам болгох, Ховд-Увс аймаг хоорондын хэвтээ тэнхлэгийн замыг бий болгосноор БНХАУ-ын ШУӨЗО-ны Үрэмч хоттой холбогдох, олон улсын транзит тээвэр бий болох эх үүсвэр тавигдана. Увс аймаг баруун бүсийн томоохон боомт болох ирээдүй хүлээж байна.
-Ажил, хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлэх сайхан байх. Ямар гавьяа шагнал хүртэж байв?
-Ажил хийсэн, амьдралын төлөө хөдөлмөрлөсөн хүнийг амжилт үргэлж дагадаг гэж боддог. Миний хувьд өөрийн хүсэл сонирхол, мэдрэмжээ дагаж Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт амжилттай ажилласандаа баярлаж явдаг. Ажиллах хугацаандаа Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Дэд бүтцийн яамны Хүндэт жуух бичиг, Барилга хот байгуулалт, Нийтийн аж ахуйн газрын Хүндэт жуух бичиг, Монгол Улсын Нийтийн аж ахуйн Тэргүүний ажилтан, Сангийн яамны 100 жилийн ойн тэмдэг, Нийтийн аж ахуйн холбооны дээд шагнал “Мөнгөн од” медаль, Алтангадас одон зэрэг шагналтай.
-Таны хань, үр хүүхдүүдийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Миний хань С.Цэцэгмаа нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр олон жил ажилласан, олонд үнэлэгдсэн чадварлаг эмч хүн бий. Сүүлийн жилүүдэд хувийн “ЭБАЖИ” эмнэлгээ байгуулан Ерөнхий эмчээр нь ажиллаж байна. Манайх таван хүүхэдтэй. Том охин маань Монгол Улсын Жендэрийн хорооны ажлын албаны даргаар ажилладаг. Том хүү маань Голомт банкинд эдийн засагч. Дунд хоёр хүүхэд маань эмч мэргэжилтэй, нэг нь Солонгос улсад докторын зэрэг хамгаалах гэж байгаа бол нөгөө нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчээр ажиллаж байна. Бага охин маань Увс аймаг дахь Шүүхийн тамгын газарт Мэдээлэл хариуцсан ажилтнаар ажилладаг. Хүүхдүүд маань гадна, дотны их, дээд сургуулиудад боловсрол эзэмшиж, нийгэмдээ үр бүтээлтэй ажиллаж байгаа. Хань бид хоёр хүүхдүүдээ эхлээд эрүүл саруул өсгөе, дараа нь боловсрол, хүмүүжилд нь анхаарах ёстой гэж боддог. Ер нь хүүхдийг зөв хүмүүжүүлэх нь боловсролын суурь үндэс болдог. Харин хүмүүжлийн анхдагч орчин бол гэр бүл. Орчин цагт гэр бүлийн орчинд амьд харилцаа гэхээсээ илүү цахим хэрэглээнээс үүдэлтэй хөндий харилцаа их ажиглагдах болжээ. Бидний залуу үед хүүхэддээ илүү их цагийг зарцуулдаг, аминчхан харилцаа үүсгэж ойроос харилцдаг байсан болоод ч тэр үү хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлсөн гэж боддог. Энэ ч утгаараа таван хүүхэд маань атгасан гар шиг эвтэй, хүмүүжилтэй өссөн дөө.
-Сүүлчийн мөчийг танд үлдээе?
-Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Увс аймгийнхаа Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд, ажилтан албан хаагчид, Увс аймаг дахь Гаалийн газрын хамт олон, нийт эрчүүддээ баярын мэнд хүргэе. Мөн жил бүрийн 3-р сарын 22-ны өдөр тохиодог Дэлхийн усны өдрийн мэндийг Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт ажиллаж байсан ахмадууд, үе үеийн ажилчид, одоо ажиллаж байгаа албан хаагчдад өргөн дэвшүүлье. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Танд баярлалаа.