Б.Эрдэнэсүрэн: Байнгын ажлын байрны хүрэлцээгүй байдал нь гэр бүлийн харилцаа болоод санхүүгийн чадамжид нөлөөлдөг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэсүрэнтэй ярилцлаа. Тус салбар зөвлөлөөс 2021 онд эмэгтэй хүн бүр архигүй, хүчирхийлэлгүй орчинд амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
-МЭХ-ны Увс аймаг дахь салбарын үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье?
-Увс аймгийн эмэгтэйчүүдийн байгууллага анх 1926 онд байгуулагдсан түүхтэй. МЭХ нь төр, олон нийтийн статустай, нийгэм, эдийн засгийн хөгжилд өндөр үүрэгтэй байгууллага байсан. Тус байгууллагын үйл ажиллагаа нь тухайн үед эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, нам эвлэлийн гишүүнээр элсүүлэх, төр засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, айл өрхүүдэд эрүүл мэндийн болон соён гэгээрүүлэх ухуулга, сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах үүрэгтэй байсан бол 1990 оноос эхлэн төрийн бус байгууллагын статустай болж, өдгөө нийгмийн хөгжлийг дагаад үйл ажиллагаа нь өргөжиж, шинэ шатанд ирээд байна.
Миний хувьд Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбарын тэргүүнээр 2019 оны 8-р сараас хойш ажиллаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд зохион байгуулалт болоод нөлөөллийн ажлуудыг үе шаттай хийлээ. Цар тахалтай жил байсан хэдий ч аймгийн Засаг даргатай 5 бүлгийн 40 үйл ажиллагаа бүхий гэрээ байгуулан хангалттай биелэлттэй ажилласан байна.
-Эмэгтэйчүүд рүү чиглэсэн онцлог ажлуудаасаа хуваалцвал?
-Охид, эмэгтэйчүүд бие биенээсээ суралцах, хөгжих, санал бодлоо солилцох, эвлэлдэн нэгдэх, тулгамдсан асуудлуудаа шийдэх боломжийг эрэлхийлэн Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төв дотор “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” байгуулсан. Тус төв маань байнгын ажиллагаатай ба уулзалт зөвлөгөөн, сургалт семинар гэх мэт олон талт үйл ажиллагааг зохион байгуулах нээлттэй орчныг бүрдүүлсний дээр өсвөр насны охид, хөвгүүдэд эрүүл мэнд, гоо зүйн боловсрол олгох “Нахиа” охидын клубийг холбооныхоо дэргэд ажиллуулж байна.
Хамгийн том ажил гэвэл эмэгтэйчүүдийн холбооны зохион байгуулалтыг нэгтгэх, салбар анхан шатны нэгжүүдийг байгуулах уулзалт, нөлөөллийн ажлыг хийлээ. Тус уулзалтад 71 байгууллагын төлөөлөл, иргэд нийт 192 эмэгтэйчүүд оролцож, анхан шатны 42 салбар нэгжийг байгуулсан. Энэ нь эмэгтэйчүүд бид шат шатанд нийгмийн оролцоотой болох, нэгдмэл байдлаар ажиллах боломжийг олгосон чухал ажил юм.
-2020 оны ажлаа цахимаар тайлагнасан байсан. Олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлыг их хийсэн харагдаж байна?
-Аливаа нөлөөллийн ажил бол нийгмийг массаар нь хамрах үр дүнтэй байдаг. Энэ ч утгаараа охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс ангид байлгах, тэдний эрхийг хангах, оролцоог нь нэмэгдүүлэх зорилго бүхий цахим сургалт, хэлэлцүүлэг, нэвтрүүлэг, чуулга уулзалт олноор зохион байгуулсан.
Эдгээрээс дурдвал “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын чуулганд орон нутгийнхаа төлөөлөгчдийг оролцуулах, “Охидоо хамгаалъя” хөдөлгөөн, дотуур байрны охидуудад зориулсан “Бид хүчтэй” хэлэлцүүлэг, “Гэр бүлийн өдөр” нэвтрүүлэг, “Өв тээгч эмэгтэйчүүд” чуулган, үзэсгэлэн худалдаа, Эмэгтэйчүүдийн байгууллагын идэвхтэн, сонгуультны нэгдсэн сургалт, зөвлөгөөн, Хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зэргийг тодорхой зорилго, үр дүнд чиглүүлэн амжилттай зохион байгуулсан.
Тухайлбал “Соёлыг түгээе” аянд 2000 гаруй хүн оролцсон. Гол төлөв гэртээ үр хүүхдээ асардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж ажиллахыг зорьж байна. Мөн гэр бүлийн орчин бол хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин учраас гэр бүлийн харилцаа, таатай уур амьсгалыг бүрдүүлэх, асуудлаа ярилцах чиглэлээр цахим сургалтыг дөрвөн удаа хийсэн. Ялангуяа Улаангом сумын зарим баг, хөдөө сумдад холбооны тэргүүлэгчид биечлэн очиж эмэгтэйчүүдтэйгээ уулзалт, сургалт сурталчилгаа хийх, дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгууллаа.
Үүнээс гадна эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолдох болсон умайн хүзүүны хорт хавдар, хөхний хорт хавдар, бэлгийн замын өвчин, ковид цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор эмч нарыг урьж оролцуулсан “Эмчийн зөвлөгөө” буланг ажиллуулсан нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг тэлсэн, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг ойлгуулсан ажил болсон.
Нөлөөллийн ажил дотроо хуванцар савны хор уршгийг таниулсан ажлын үр дүн, амжилтаараа Зүүнговь сум нийт өрхийн хуванцар савны хэрэглээг 63 хувиар бууруулан тэргүүлсэн. Мөн аливаа тэмдэглэлт баярыг баяр гэхээсээ илүүтэй гэр бүлийн орчинд хайр халамжаа илэрхийлэх, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэн өнгөрүүлэхийг уриалдаг. Иймээс энэ жилийн гэгээн хайрын баярын өдрийг архигүй, өвчингүй, үнэтэй бэлэггүй, итгэлцэл, хүндэтгэлийн баяр байгаасай гэсэн үүднээс нөлөөллийн шторк бэлтгэн хүргэсэн.
Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбарын ажил бол өргөн цар хүрээтэй, олон талт хэлбэрээр явагддаг. Бид бүхэн хүмүүнлэг, бүтээлч ажлыг мөн хийж хэвшлээ. Тухайлбал ногоон байгууламжийг нэмэгдүүлэн 3 цэгт мод тарьж, цэвэрлэгээ, тохижилт хийсэн. “Нэг эмэгтэй 50 ширхэг амны хаалт” аяныг өрнүүлснээр аймгийн хэмжээнд эмэгтэйчүүд маань нийтдээ 31,9 мянган амны хаалт оёж, нийгмийн зорилтот бүлгийн иргэд болон Солонгос улсад байгаа монголчууддаа хүргүүллээ. Тэрчлэн “Мөнхийн хөршдөө тусалъя” аяныг өрнүүлэн ОХУ-ын Тува улсад цар тахлыг даван туулахад дэмжлэг болгон 35,8 сая төгрөг бүхий амны хаалт, хамгаалах хэрэгсэл, бэлэн мөнгийг цуглуулан хандивласан байна. Энэчлэн холбооны зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгээ олон нийтэд нээлттэй тайлагналаа. Үүнтэйгээ уялдан алдаа оноогоо цэгнэн, цаашид хийх ажлаа төлөвлөөд байна.
-Увс аймгийн охид, эмэгтэйчүүдэд нэн түрүүнд тулгамдсан ямар асуудал байна вэ?
-2021 он гарсаар хийх ажлын төлөвлөгөөний дагуу Увс аймгийн охид, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, тэдгээрийг ажил хэрэг болгох, шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэхийг зорьсон. “Асуудлыг асууя” үйл ажиллагааны хүрээнд явуулсан санал асуулгыг цахим орчинд явууллаа. Нийтдээ 1000 орчим иргэн саналаа ирүүлсний дотор архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, мөн байнгын ажлын байрны хүрэлцээгүй байдал нь гэр бүлийн харилцаа болоод санхүүгийн чадамжид нөлөөлдөг зэрэг нийтлэг 3 асуудал дээр санал нэгдэж байна.
Иймд цаашид хүчирхийллийг бууруулах, архидалтыг таслан зогсоох, шинээр ажлын байр бий болгох чиглэлд анхаарлаа хандуулан ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Ялангуяа эрхэлсэн тодорхой ажилгүй болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байртай болгох нь маш чухал. Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл бичих, аймаг сумын удирдах түвшний хүмүүст хандах зэргээр тодорхой ажил эхлээд байна.
Мөн баг, хороогоороо архинаас ангид, хүчирхийлэлгүй болцгооё гэсэн уриатай нөлөөллийн, тодорхой шийдэлд хүрсэн ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй байна. Үндсэндээ өнгөрсөн онд эмэгтэйчүүдийн холбооны хувьд зохион байгуулалтын ажил явуулсан бол 2021 онд салбар зөвлөлүүдийнхээ үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилт дор найман суманд багаараа очиж ажиллана. Мөн малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулахаас гадна эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг идэвхжүүлж, умайн хүзүүний хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх тал дээр эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажиллана. Ер нь бол эрүүл мэндийн байгууллагаас эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг зөвлөдөг ч хамрагдалт маш бага хувьтай байдаг аж. Иймд салбар зөвлөлөөрөө дамжуулан эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ажлыг төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна.
-Эмэгтэйчүүддээ хандаж та юу хэлэх вэ?
-Эмэгтэйчүүдийн төлөөх ажил маань зөвхөн төрийн байгууллагаас хамааралтай бус төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эмэгтэй мөн эрэгтэй хүн бүрийн үүрэг хариуцлагатай салшгүй холбоотой учраас хүн бүр асуудлаас хойш суухгүйгээр аливаа ажилд оролцоотой байгаасай гэж хүсэж байна. Эмэгтэй хүн бүр хүчирхийлэлгүй орчинд амьдраасай. Хүүхэд бүр инээд хөөртэй, айл өрх бүр аз жаргалтай байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
-Танд баярлалаа.