Махны үйлдвэр өдөрт 2-3 тонн мах боловсруулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-25 19:53:19

Ховд /МОНЦАМЭ/. “Хан Жаргалант Ховд” хоршоо нь орон нутагт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэг юм. 

Тус хоршооны мах боловсруулах үйлдвэр өдөрт 2-3 тонн маханд боловсруулалт хийж, 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Мах боловсруулах үйлдвэрийн шинэ барилга ашиглалтад ороод удаагүй байна. Тус хамт олон жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 100 сая төгрөгийн зээл авч, үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөн ажиллаж байгаа.

Иймээс тус хоршооны захирал Э.Өлзийхүүтэй уулзаж, мах боловсруулах үйлдвэрийн шинэ байртай болсноор ямар давуу тал бий болсон тухай тодруулав. 

Тэрбээр хэлэхдээ: "Анх 2004 онд хоёр ажилтантай үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Хан” хиамны цех ийнхүү томоохон үйлдвэр болон өргөжиж байна. Одоогоор 20 хүн ажилладаг. Үйлдвэрийнхээ хүчин чадлын 30-40 хувийг одоо ашиглаж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 40-50 хүнийг байнгын ажлын байраар хангаж, баруун бүсийн аймгуудын иргэдийн 60-70 хувийг боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнээр хангах боломжтой юм. 

Коронавирусний халдварын тархалттай холбогдуулан бүтээгдэхүүний борлуулалт өмнөх жилүүдтэй адил түвшинд хүрэхгүй, банкны зээлтэй хэдий ч үйлдвэрлэлээ зогсоогоогүй.

Үйлдвэрт шинээр 2-3 тоног төхөөрөмж нэмж авсан ба үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж чадлаа. Өөрөөр хэлбэл, банш, бууз үйлдвэрлэх төхөөрөмж авсан, ууц, өвчүү чанах  зэрэг шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээний 80 гаруй хувийг хангадаг. Ер нь баруун бүсийн таван аймгийн зах зээлийг судлаад үзэхэд Ховд аймагт илүү өргөн боломж байгаа нь ажиглагддаг.

Энэ нь мах боловсруулах чиглэлд үйлдвэрлэл тасралтгүй хөгжиж ирсэнтэй холбоотой гэж боддог. Мөн манай хамт олон бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарт анхаарч ирсэн. Өөрөөр хэлбэл, хот, хөдөө хоёрын ялгааг арилгахыг зорьсон. Нийслэлээс нэлээд км алслагдсан бүс нутагт амьдарч буй Ховд аймгийн иргэд олон өдөр тээвэрлэж ирсэн баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх бус өглөө нь үйлдвэрлэж савласан шинэ бүтээгдэхүүн хэрэглэж заншаасай гэдэг үүднээс “Өдөр бүр шинэ” уриатай ажилладаг" гэв. 

 

関連ニュース