Ховдын ихэнх суманд ургамал цухуйгаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-12 15:13:17

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 12-19-ний өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг танилцууллаа.

Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр зарим газраар ялимгүй хур тунадас орно.

Салхи энэ сарын 13, 14, 17-нд зарим газраар 7-12 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруунаас секундэд 3-8 метр байх төлөвтэй.

Мөн агаарын температурын тухайд нийт нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Энэ сарын 14-нд нийт нутгаар сэрүүхэн байна гэж Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

2021 оны дөрөвдүгээр сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм мэдээнээс үзэхэд нийт нутгаар агаарын дундаж температур 3 градус хүйтнээс 6 градус дулаан байв.

Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 9-18 градус дулаан, шөнөдөө хамгийн бага температур 7-16 градус хүйтэн  байлаа.

Тус арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас орсон. Нийт 13.4 мм тунадас орсноос хамгийн их нь Дарви суманд буюу  9.2 мм цас орсон байна.  

Мөн Жаргалант суманд 1.3 мм, Ховд суманд 1.0 мм, Чандманьд 0.7 мм тунадас орсон. Бусад сумын нутгаар 0.0-0.3 мм тунадас орсон. Харин Эрдэнэбүрэн, Дөргөн, Булган, Мөст суманд цас ороогүй.       

Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар салхи шуургатай байсан. Салхины их хурд 14-19 м/с хүрсэн юм. Үүнээс салхины хамгийн их хурд Мөст суманд 19 м/с байв. 

Одоогоор бүх суманд бог, бод мал төллөж байна. Цаг агаарын байдал салхи шуургатай, ихэнх нутгаар хур тунадас орсон нь мал төллөх болон нялх төл бойжилтод сөрөг нөлөө үзүүлсэн. Мөн нийт нутгаар өмнөх өдрүүдэд цас орсон учраас бага зэрэг сэрүүссэн байна гэж Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Одоогийн байдлаар ихэнх суманд ургамал цухуйгаагүй байна. Одоогоор Ховд аймгийн 17 сумаас зөвхөн Булган, Үенч, Алтай суманд ургамал цухуйсан аж. 

関連ニュース