Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 152 боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 321 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 7-оор нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 152 боллоо.
“Тусгаарлах эмнэлэг”-т
хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд
байсан иргэнээс халдвар илэрчээ.
Мөн аймгийн төвд ирж
буяны ажилд оролцсон Үенч сумын нэг иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайн
иргэнийг Үенч сумаас Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т тээвэрлэн
ирж хэвтүүлсэн.
Түүнчлэн ойрын хавьтлын
найман хүнийг аймгийн төвд авч ирж, тусгаарлаад байна. Дам хавьтлын 13 хүнийг
олж тогтоож, Үенч суманд тусгаарласан. Мөн Эрдэнэбүрэн суманд дам хавьтлын 36
иргэнийг тусгаарласан гэж албаны эх сурвалж хэллээ.
Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын
тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 96 хүн хэвтэн эмчлүүлж
байна. Тэдгээрээс хоёр өвчтөний биеийн байдал хүнд, зургаа нь хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.
Одоогоор Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 578
иргэн тусгаарлагдсан бол нийт 642 иргэн гэрийн ажиглалтад байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 18 эмч, эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар авсан нь
тогтоогджээ. Тодруулбал, өчигдөр
бүртгэгдсэн
халдварын 14 тохиолдлын гурав нь эмч,
эмнэлэгийн ажилтан байсан. Тэд
хамгийн эрсдэлтэй, халдварын голомтын бүсэд ажиллаж байгаа эмч
нарын багийн гишүүд гэж салбарынхан онцоллоо.
Үүнтэй холбогдуулан Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хариу
арга хэмжээний баг энэ сарын 13-14-нд шилжих шөнө яаралтай хуралдаж, халдварын голомтод ажиллах “дараагийн баг”-ийг бэлтгэсэн тухай мэдээллээ.
Өнөөдөр коронавирусний халдварын батлагдсан тохиолдол
7-оор нэмэгдсэн. Цаашид мөн коронавирусний
халдвар
авсан хүний тоо эрчимтэй нэмэгдвэл Бүсийн
оношилгоо, эмчилгээний төв ачааллаа дийлэхгүйд хүрэх нөхцөл
байдал үүсэх магадлалтай аж.
Иймээс иргэн бүр
хариуцлагатай байж, хорио цээрийн дэглэмийг чанд сахихыг мэргэжлийн
байгууллагууд анхаарууллаа.